Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Сенатын гишүүд болох Флорида мужаас сонгогдсон Марко Рубио, Вермонт мужаас сонгогдсон Патрик Лихи нар саяхан Америк-Монголын харилцааг бэхжүүлэхэд анхаарал хандуулахыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд хандаж бичсэн захидалдаа уриалжээ.

Сенаторууд захидалдаа сүүлийн үед Монголд өрнөж буй улс төрийн үйл явдлууд нь Монголын ардчиллыг сулруулж болзошгүй байгааг анхааруулсан байна.Тухайлбал, одоогийн ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг үндсэн хуулиар хаасан, үндсэн хуулийн цэц болон парламентын хооронд маргаан зөрчил үүссэн, эрх баригч намыг тараалгахаар ерөнхийлөгч дээд шүүхэд хандсан зэрэг маргаантай үйл явдлууд нь зургаадугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн ноцтой хямрал үүсгэж болзошгүй байгааг анхааруулан бичжээ.Тиймээс төрийн департментыг USAID байгууллагатай хамтран олон улсын ажиглагчдын багийг санхүүжүүлэх замаар Монголын ард түмэн сонгох эрхээ эдэлж чадаж буй эсэхэд хяналт тавихыг уриалсан байна.

Тэд “Таны мэдэж байгаачлан Монгол БНХАУ, ОХУ гэсэн хоёр авторитар дэглэмтэй хөршийн дунд байрладаг ч ардчиллыг амжилттай хөгжүүлсэн гайхамшигтай түүхтэй улс билээ. Сүүлийн үед Монголд үүсээд буй улс төрийн тогтворгүй байдал нь Хятадын Коммунист Намын нөлөөнд автах эрсдэл бий болгож байна.  Ялангуяа Хятадын Коммунист Нам зэрэг авторитар хүчнүүд дэлхий даяар бидний үнэт зүйлсийг устгахыг чармайж буй энэ цаг үед манай гадаад бодлогын гол цөм нь ардчилсан тогтолцоог урамшуулан дэмжих явдал байх ёстой. Монголын ардчиллыг дэмжих, Америк-Монголын харилцааг бэхжүүлэх арга замыг хайхад бид тантай хамтран ажиллахад бэлэн байна” гэж захидалдаа бичжээ.Бүгд Найрамдах Намын сенатор Марко Рубио нь Сенатын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн бол Ардчилсан Намын сенатор Лихи нь төсвийн байнгын хорооны гишүүн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)