Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ Засгийн газрын 100 хоног. Энэ бол дэлхийд төдийгүй манай улсад танил үг. Цар тахлын үед хэд хэдэн оронд сонгууль болж, шинэ Засгийн газрууд бүрэлдсэн. Эдгээрээс үүрэгт ажлаа хүлээн авсан эхний 100 хоногтоо хамгийн олон үр бүтээлтэй шийдвэрийг хэрэгжүүлж, COVID-19-ийн хүнд цаг үеийн эрсдэлээс сэргийлж чадсан хүн нь дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орны 46 дахь ерөнхийлөгч Жо Байден юм. Тэрбээр нэгдүгээр сарын 20-нд өмнөх ерөнхийлөгч Дональд Трампаас ажлаа хүлээж авсан билээ. Энэ цагаас хойш 100 хоногт ямар ажил амжуулсан талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

100 хоногт 247 сая тун вакцинд иргэдээ хамруулав

 

Жо Байден ерөнхийлөгч болохоосоо өмнө сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хамгийн эхэнд цар тахлыг хяналтдаа авах төлөвлөгөө боловсруулахаас ажлаа эхэлнэ гэдгээ зарлаж байв. Ийн  Цагаан ордонд ирсэн даруйдаа хоёр чухал асуудлыг хамгийн түрүүнд шийдэхээ амласан нь  вакцинжуулалтыг өргөжүүлэх, иргэдэд эдийн засгийн тусламж үзүүлэх шинэ хөтөлбөрөө Конгрессоор дэмжүүлэх гэсэн зорилт байв.  Тодруулбал, тэрбээр 100 хоногт багтаан 100 сая тун вакцинд иргэдээ хамруулах амлалтаа 58 дахь хоногтоо биелүүлсэн. Үүний дараа 200 сая тун вакцинд иргэдээ хамруулснаа гуравдугаар сарын 25-нд зарласан юм.  Тэрбээр хамгийн эхэнд зорилтот бүлгээ дархлаажуулсан бол насанд хүрсэн бүх иргэнээ вакцинд хамрагдах боломжийг дөрөвдүгээр сарын 19-нөөс бүрдүүлсэн юм. Үүний үр дүнд дөрөвдүгээр сарын 30 буюу  Жо Байдены Засгийн газрын 100 дахь өдөр 247 сая тун вакцинд Америкийн иргэд хамрагдаад байв.

Ийн түүнийг тангаргаа өргөх үед буюу нэгдүгээр сард 4300 хүн халдварын улмаас нас барж байсан бол өнөөдрийн байдлаар 700 орчим  болж зургаа дахин буураад байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар өдөрт 40 гаруй мянган хүн халдвар авч, нас баралт 600 мянгад ойртсон цаг үед Байден тархалтыг хумихын тулд үндэсний хэмжээнд вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриалсан юм. Учир нь  өчигдрийн байдлаар АНУ-д 33.3 сая хүн COVID-19 халдвар авч, 593 мянган хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг нэгдүгээр тунд, 160 сая иргэнээ COVID-19 эсрэг бүрэн тунд хамруулна гэсэн шинэ зорилтоо танилцууллаа. АНУ-ын  насанд хүрэгчдийн 56 хувь буюу 145 сая иргэн эхний тундаа хамрагдаад байна. Шинэ зорилгодоо хүрэхийн тулд иргэдийн вакцины боловсролыг нэмэгдүүлэхэд зориулан 130 сая ам.доллар зарцуулахаар болжээ. Учир нь одоо Байдены засаг захиргааны өмнө тулгарч буй зорилт бол вакцин хийлгэхээс татгалзаж буй хүн амын 25 хувьтай тэнцэх тооны иргэдийг дархлаажуулалтад хамруулах явдал юм.  

 

Цар тахлын үеэр 1.9 тэрбум ам.долларын тусламж үзүүллээ

 

Жо Байден хоёр сар хүрэхгүй хугацааны дотор цар тахалд өртсөн иргэддээ тусламж үзүүлэх 1.9 их наяд ам долларын багц болох “The American Rescue Plan” буюу Америкийг аврах төлөвлөгөөг Конгрессоор батлуулж чадсан. Түүний санаачилсан 1.9 их наяд ам.доллараар хэрэгжих  энэ  төлөвлөгөөнд олон арга хэмжээ  багтсан. Тодруулбал, иргэн бүрт нэг удаа 1400 ам.долларын тусламж, боловсролын байгууллагуудад 80 тэрбум ам.долларын тусламж үзүүлж, хүүхэд асрах үйлчилгээнд зориулан 39 тэрбум ам.долларыг мужуудад тараагаад байна. Сард 150 мянган ам.доллараас бага орлоготой иргэдэд зориулан 10200 ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлсэн. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй болон хүүгүй зээл олгох, ажилгүйчүүдийн тэтгэмжийн хугацааг сунгах, орон сууцны түрээсээ төлөх чадваргүй болсон хүмүүсийг байрнаас нь албадан гаргахыг хориглосон хугацааг сунгах гэсэн шийдвэрийг гаргасан юм.

Түүний энэ төлөвлөгөөг Бүгд найрамдах намынхан хүчтэй эсэргүүцсэн ч  Конгресс дэмжин баталсан. Мөн Байдены эхний 100 хоногт 1.2 сая гаруй ажлын байр шинээр бий болсон ч ажилгүйдлийн түвшин зургаан хувьд хүрсэн өндөр хэвээр байна. Гэхдээ эдийн засгийг дэмжих төлөвлөгөө баталж, вакцинжуулалт амжилттай  үргэлжилж байгаа тул Америкийн эдийн засаг энэ онд долоон хувиар өснө гэсэн таамаглалыг  зарим эдийн засагч гаргажээ.

 

Хятадын эсрэг Японтой хамтран тэмцэнэ

 

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гүрэн гэгддэг АНУ болон Хятадын худалдааны дайнаас үүдсэн маргаан олон жил үргэлжилж байгаа. Цар тахлын эх үүсвэрт Хятадыг буруутгаж байгаагаа өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараахан энэ харилцаа улам хурцадсан. Одоогийн байдлаар Байден Трампын үед Хятадын бараанд ногдуулсан худалдааны нэмэлт татварыг хэвээр нь үлдээж Хонгконгт сөрөг хүчнийхнийг мөрдөн хавчиж байгаа болон Шинжааньд амьдардаг уйгурчуудын  эрхийн зөрчсөн гэсэн шалтгаанаар Бээжингийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авлаа.

Харин ОХУ-тай дайсагнасан харилцааг эхлүүлж, Вашингтоны зүгээс Москвагийн эсрэг  хэд хэдэн хориг арга хэмжээ аваад байна. Эдгээр хориг нь 2020 оны сонгуулийн явцад Москва хөндлөнгөөс оролцсон, “SolarWind”  цахим халдлага үйлдсэн мөн сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсны хариуд авч буй үйлдэл юм. Түүнчлэн, Байден “АВС” телевизэд ярилцлага өгөхдөө Путиныг “алуурчин” гэж нэрлэсэн нь Америк-Оросын харилцаанд томоохон шуугиан дэгдээсэн билээ.  Хоёр улсын харилцаа цаашид хэрхэхийг зургадугаар сарын дундуур Европт болох хоёр улсын удирдагчдын уулзалт шийдэх юм.

Гадаад бодлогын тухайд Жо Байден Япон, Өмнөд Солонгос улстай дотно харилцаатай байгаа юм. Тухайлбал, түүнийг ерөнхийлөгч болсноос хойш анхны гадаадын төрийн тэргүүний айлчлалыг Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ дөрөвдүгээр сарын 15-18-нд хийсэн. Хоёр улсын төрийн тэргүүн уулзалтын үеэр 1960 онд байгуулсан Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний хүрээнд АНУ цөмийн зэвсэг болон бусад бүх хэрэгслээ ашиглан Японыг хамгаалахад бэлэн байгаагаа нотоллоо гэж хоёр орны удирдагчдын гаргасан мэдэгдэлд дурджээ.  Мөн хамтарсан мэдэгдэлд Хонгконг болон Шинжаань-Уйгурын өөртөө засах орны хүний эрхийн байдалд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын хууль бус үйл ажиллагааг  эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлыг олон улсын хууль, тогтоомжийн дагуу зохицуулж, далай тэнгист чөлөөтэй зорчих байдлыг НҮБ-ын Конвенцийн хүрээнд баталгаажуулах ёстой гэж мэдэгджээ. Үүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ-д айлчлахаар төлөвлөөд байгаа юм.

 

Парисын хэлэлцээрт дахин нэгдэв

 

Өмнөх ерөнхийлөгч Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрээс 2016 онд гарсан бол Байден эхний өдрөө буцаж орох гэрээнд гарын үсэг зурсан. Ийн АНУ Парисын хэлэлцээрт хоёрдугаар сарын 19-нд албан ёсоор дахин нэгдсэн юм. Энэ үеэр Жо Байден уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулахдаа газрын тос, хийн худгийн өрөмдлөгийг хязгаарлах, автомашины хийн хаягдлыг хязгаарлахад чиглэсэн хатуу журмыг сэргээх, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулагчдад Засгийн газраас урамшуулал олгохоо амлаж, бусад улс орныг нүүрстөрөгчийн хийн хаягдлаа бууруулахыг уриалсан юм. Тэрбээр 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний салбараас ялгарч буй нүүрсхүчлийн хийг багасгаж, цахилгаан автомашиныг цэнэглэх дэд бүтэц байгуулах гэсэн  төсөлд хоёр их наяд  ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр  уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээний дээд уулзалтыг зохион байгуулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2030 он гэхэд 2005 оныхоос 50-52 хувиар бууруулахаа амласан. Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтад Франц, Герман, Хятад, ОХУ-ын удирдагчид оролцсон нь онцлог байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn