Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын 4 гэхэд хүн амынхаа 70 хувийг нэгдүгээр тунд, 160 сая иргэнээ COVID-19 эсрэг бүрэн тунд хамруулна гэсэн шинэ зорилтоо танилцууллаа. Энэ талаар тэрбээр “Вакцинжуулалт бидний төсөөлснөөс хурдацтай үргэлжилж байна. Хоёр сарын дараа буюу долдугаар сарын 4-ний өдрийг улсын бүх иргэн гэр бүлээрээ тэмдэглэх болно. Учир нь бид насанд хүрсэн иргэдийнхээ 70 хувийг эхний тунд, 160 сая иргэнийг бүрэн тунд хамруулах зорилго тавилаа.Насанд хүрэгчдийн ихэнх нь эхний тундаа хамрагдсан тул вакцинжуулалтын хурд удааширсан. Гэсэн ч бид өдөрт нэг сая Америк иргэнийг вакцинжуулж байна” гэсэн юм.Өнөөдрийн байдлаар АНУ-ын  насанд хүрэгчдийн 56 хувь буюу 145 сая иргэн эхний тундаа хамрагдаад байна. Үүн дээр 35 сая хүн нэмэгдэж нэгдүгээр тундаа хамрагдсаны дараагаар хүн амынхаа 70 хувьд хүрэх юм.

Шинэ зорилгодоо хүрэхийн тулд Байден вакцинжуулалтын төв, эмнэлгүүдийг хэрэгцээт хэрэгслээр дэмжиж, иргэдийнхээ вакцины мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах юм. Тухайлбал, иргэдийн вакцины боловсролыг нэмэгдүүлэх, мэдээлэл хүргэхэд зориулан 130 сая ам доллар зарцуулахаар болжээ. Энэ тухай Байден “Вакцины  тухай олон хуурамч мэдээлэл тархаж байгаа ч Америк хүн бүрийн мэдэж байгаа ганц үнэн байгаа. Тэр нь вакцины бүрэн тундаа хамрагдаагүй хүмүүс COVID-19-өөр амиа алдаж байна. Энэ бол таны үхэл эсвэл амьдралын сонголт. Хайртай хүмүүсээ аюулгүй байлгах сонголт хийнэ гэдэг итгэлтэй байна” гэв:

Мөн тэрбээр өсвөр насны хүүхдүүдийг вакцинд хамруулах боломжийг бүрдүүлэх онцгойлон ажиллахаа зарлав. 12-15 насныхныг Pfizer вакцинд хамруулах зөвшөөрлийг Хүнс, эмийн захиргаа дараа долоо хоногийн эхээр  хэлэлцэх юм. Зөвшөөрөл олгох магадлал тун өндөр гэж албаны эх сурвалж мэдээллээ.Энэ насныхан АНУ-ын хүн амын таван хувийг эзэлдэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.6 ПҮРЭВ № 91 (6568)