Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэг улсад цар тахлын “хямрал” нүүрлэлээ. Нэг өдөрт бүртгэгдэж байгаа COVID-19 халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж, нас барсан хүмүүсээ оршуулахад ч тун хүндрэлтэй боллоо. Ингэхдээ тус халдварын хоёрдугаар давлагаанд залуу хүмүүс их өртөж, амиа алдаж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна.

Халдварын эхний давлагааны үеэр нийт өвчтөнүүдийн 30 хувь нь 30-аас доош насныхан байсан гэж Энэтхэгийн Цар тахалтай тэмцэх газрын дарга Паул дөрөвдүгээр сарын 19-нд мэдэгдсэн. Одоогийн байдлаар энэ тоо 32 хувь болж өссөн байна. Мөн эхний давлагааны үеэр өвчтөнүүдийн 21 хувийг 30-45 насныхан эзэлж байсан бол энэ удаа энэ тоо өөрчлөгдөөгүй хэмээн Засгийн газраас гаргасан статистик мэдээнд дурджээ.

Энэ талаар Цар тахалтай тэмцэх газрын дарга Паул “Халдвар авсан залуу хүмүүс тийм ч эрсдэлтэй байдалд хүрсэнгүй. Улсын хэмжээнд халдварын тархалт наснаас хамааран өөрчлөгдсөн зүйл алга” гэж ярьжээ. Гэхдээ бусад орнуудтай харьцуулахад Энэтхэгийн халдварт өртөж байгаа хүмүүсийн дундаж нас 28 буюу залуу байгаа юм. Тухайлбал, халдварт өртөж байгаа хүмүүсийн дундаж нас АНУ-д 38, Англид 40 байна.

Харин доктор Чандрасехар Синха хоёр дахь давлагаанд хүүхдүүд илүү өртөж байгааг онцоллоо. Тэрбээр “Хэрэв таны хүүхэд халдвар авбал цочирдох хэрэггүй. Учир нь хүүхэд тань илүүдэл жингүй,  амьсгалын замын өвчингүй бол эмнэлэгт  хэвтэх эсвэл хүчилтөрөгчийн баяжуулагч шаардлагагүй” гэж ярилаа.

“Мутацид орсон вирус халдвар хурдан тархах шалтгаан болсон”

Вакцинаас өөр халдвараас урьдчилан сэргийлэх боломж байхгүй гэж үзэж байгаа ч хоёр тундаа хамрагдсан хүн халдвар аваад эмнэлэгт ирсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Тодруулбал, Энэтхэгт үйлдвэрлэсэн Covaxin вакцины бүрэн тунд хамрагдсан 1.7 сая хүнээс 695 нь халдвар авчээ. Мөн AstraZeneca вакцины хоёр тунг тариулсан 15 сая хүнээс 5014 нь халдвар авсан байна.

Мөн Энэтхэгт Англиас гаралтай B.1.1.7 мутацид орсон вирусын Энэтхэг хувилбар илэрсэн нь халдвар илүү хурдан тархах шалтгаан болсон гэж үзэж байна.Энэ талаар доктор Балрам Бхаргава “Вакцины бүрэн тундаа хамрагдсан ч халдвар авсан хүмүүсийн ихэнх нь халдварын голомтод ажилладаг эрүүл мэндийн салбарынхан байна. Тэд хамгийн түрүүнд вакцинд хамрагдсан ч мэргэжлийн онцлогоос шалтгаалан халдвар авч байгаа.Вирусын мутацид орсон хувилбар илүү хурдан тархахаас өмнө хүн амынхаа 50-60 хувийг яаралтай вакцинжуулах шаардлагатай” гэв. Энэтхэг энэ сарын 1-нийг хүртэл зөвхөн эрүүл мэндийн ажилтан болон эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж байв. Гэвч 1.3 тэрбум хүн амын ердөө хоёр хувь нь вакцинд хамрагдаад байна. Харин АНУ-ын иргэдийн 30 хувь нь бүрэн дархлаажсан юм. Энэтхэгийн вакцинжуулалт ийм удаан байгаа нь халдвар хурдан тархахад нөлөөлсөн хэмээн шинжээчид үзэж байна.Тус улс бусад орны адил хамгийн эрсдэлт бүлэг болох ахмад настан болон халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудыг эхэнд вакцинжуулсан. Үүнтэй зэрэгцэн хоёрдугаар давлагаанд өртсөн тус улсад гуравдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн вирусын шинэ хувилбарыг вакцин дарж чадахгүй байх вий гэдэгт олон нийт санаа зовниж эхэллээ.  Учир нь судлаачид шинэ хувилбарын талаар одоог хүртэл хангалттай мэдээлэл цуглуулж чадаагүй байна.

Энэтхэгт агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудлын нэг нь байдаг. Тэгвэл цогцоснуудыг шууд шатааж байгаа нь агаарын чанарыг улам муутгаж, цар тахлын улмаас өвчин хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус улсад 20.2 сая хүн халдвар авч, 222 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж:CNN