Б.ДОЛЖИНЖАВ

Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэг улсад COVID-19 цар тахлын “цунами” үүсээд байна. Тухайлбал,  баасан гаригт /өнөөдөр/ тус улсад 332 мянган хүнээс халдвар илэрч, 2263 хүн нас барсан нь дэлхий дахинаа нэг өдөрт бүртгэгдэж байгаа хамгийн олон тохиолдол юм. Энэ нь эмнэлгүүдийн ор дүүрч, эрчимт эмчилгээний тасаг болон хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлсэнтэй холбоотой юм.

Тус улсын Ерөнхий сайд энэ нөхцөл байдлыг эмгэнэлт явдал хэмээн зарлалаа. Хариуд Энэтхэгийн Дээд шүүх  Засгийн газраасаа вакцин, хүчилтөрөгч, шаардлагатай эм  тариагаар иргэдээ хангах үндэсний хөтөлбөр шаардлаа. Учир нь улсын хэмжээнд зургаан шүүх эмнэлгийн хэрэгслийн дутагдалтай холбоотой өргөдлийг хэлэлцэж байгаа юм.

Халдварын эрчимтэй тархалттай холбогдуулан Их Британи улс Энэтхэгт аяллын хориг тавилаа. Энэтхэгээс хүн Их Британи руу нэвтэрсэн тохиолдолд 10 хоног зочид буудалд тусгаарлагдах журмыг Их Британийн Засгийн газар гаргажээ. Мөн Канад, ӨАБНУ нэг сарын турш Энэтхэгийн нислэгээ зогсоолоо. Сингапур улс Энэтхэгээс аялагч хүлээн авах журмаа чангатгалаа.

Эх сурвалж:BBC