Б.ДОЛЖИНЖАВ

 

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчиллын тулгуур багана хэмээн өөрсдийгөө тодорхойлдог Америкийн нэгдсэн улсын хамгийн том тулгамдсан асуудлын нэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл билээ. Цар тахал Хятад улсаас анх илэрсэнтэй холбоотойгоор азиудыг гадуурхах хөдөлгөөн эрчээ авч, саяхан хэд хэдэн ази эмэгтэй тус улсад амиа алдсан нь үүний том нотолгоо юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард 46 настай өнгөт арьстай эрэгтэй Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсан нь Америкт өнгөт арьстнуудыг гадуурхах үзлийг эсэргүүцсэн бослого өрнөхийн үндэс суурь болсон. Тодруулбал, Флойдыг дэлгүүрээс тамхи худалдаж авах үедээ хуурамч 20 ам.доллар өгсөн гэж худалдагч цагдаа дуудсан юм. Түүнийг баривчлан машиндаа суулгахыг оролдох үед Флойд эсэргүүцсэнээр цагдаа газар унаган түүний хүзүүн дээр есөн минутын турш өвдөглөсөн байна. Ийн Флойд амьсгалж чадахаа больж, түргэн тусламж дуудсан ч цагийн дараа нас барсан билээ. Тиймээс 45 настай цагдаа Дерик Шовиныг  өнгөрсөн оны тавдугаар сард баривчилсан.

Тэгвэл 45 гэрчийн мэдүүлэг сонсож, хэд хэдэн бичлэг үзсэний дараа  цагдаа Шовиныг АНУ-ын Тангарагтны шүүхээс гурван зүйл ангиар Флойдын үхэлд буруутай гэж дүгнэжээ. Ирэх зургаадугаар сард Шовинд ял оноох хүртэл түүнийг цагдан хорих юм. Хамгийн дээд тал нь 40 жилийн хорих ял онооно. Гэхдээ хохирогч нь нас барсан тохиолдолд цагдаа нар ял шийтгэл хүлээх нь цөөн байдаг нь Америкийн эрх зүйн  системийн том дутагдал юм. Энэ талаар Форж Флойдын гэр бүлийн хуульч Бэн Крамп “Өвдөлт мэдэрсний эцэст шударга ёсыг олж авлаа. Энэ бол хууль сахиулах албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн том дохио, АНУ-ын түүхэн дэх эргэлтийн цэг боллоо” гэв.

Шүүх хурлын дараа олон хүн шүүхийн байрны гадаа баяр хөөр болцгоов. Мөн ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар шүүх хурлын дараа Флойдын гэр бүлтэй утсаар ярьжээ. Жо Байден “Энэ бол шударга ёсны эхлэл юм. Бид үүнээс ч илүү ихийг хийж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх болно. Арьс өнгөөр гадуурхах үзэл бол манай үндэсний сэтгэлийн толбо юм” гэв.Харин дэд ерөнхийлөгч Харрис хууль тогтоогчдыг АНУ-ын хууль сахиулах хүчнийхний тогтолцоог шинэчлэх зорилготой хууль батлахыг уриалав. Тэрбээр “Энэ хууль бол Жорж Флойдын үлдээсэн өвийн нэг хэсэг юм” гэлээ. Гэхдээ Шовин шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдахаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)