Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахалтай хийх “дайн”-аа зогсооно гэдгээ Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан гуравдугаар сарын сүүлээр мэдэгдэж  байлаа. Учир нь есдүгээр сард өдөрт 100 мянга орчим тохиолдол бүртгэгдэж тархалт оргилдоо хүрч байснаа аажмаар буурч  хоёрдугаар сард өдөрт 11 мянга орчим хүнээс халдвар илэрч байв. Тийн нэгдүгээр сараас эхлэн COVID-19-ийн эсрэг вакциныг дипломат харилцаатай орнууддаа хандивлаж, Энэтхэгийн ирээдүй гэрэлтсэн юм. Гэвч сар хүрэхгүй хугацааны дараагаас нөхцөл байдал төсөөллөөс эсрэгээрээ эргэв. Тус улсад вирусын хоёрдугаар давалгаа эхэлж, энэ сард дахин өдөрт 100 мянгаас олон тохиолдол бүртгэгдэж, ихэнх хотдоо хөл хорио тогтоолоо. Тухайлбал, ням гарагт 275 мянган хүнээс халдвар илэрч, 1600 хүн нас барсан нь Энэтхэгт халдварын нөхцөл байдал хүндэрснийг илтгэлээ. Энэ хүчтэй давалгаанаас шалтгаалан тус улсын эрүүл мэндийн салбар доройтолд орлоо. Эмнэлэг өвчтөнүүдээр дүүрч, нэг орон дээр хоёр өвчтөн хэвтэн эмчлүүлж, амиа алдсан олон мянган хүн, тэднийг эмнэлгийн гадаа сахих ойр дотныхны эмгэнэлт төрх, өвчтөнүүдийг зөөж байгаа түргэн тусламжийн машины урт дарааллыг олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгээр дамжуулан дэлхий нийт харлаа. Шаардлагатай эм тариа, эрчимт эмчилгээний хэрэгсэл, амьсгалын аппарат хүрэлцэхгүй болжээ.

Вакцины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Энэтхэгт вакцины нөөц ч асуудал дагуулж эхэллээ. Тус улс 100 сая гаруй тун вакцинд иргэдээ хамруулсан ч вакцины дутагдалд орсноо өнгөрсөн долоо хоногт зарлав. Мөн AstraZeneca вакцины бүх экспортоо зогсоож, хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөв байхгүй тул зургадугаар сараас өмнө бусад улсад вакцин нийлүүлэх боломжгүй гэдгээ Энэтхэгийн төдийгүй дэлхийн вакцин үйлдвэрлэгч хамгийн том Серум хүрээлэн мэдэгдэв.

Залуу хүмүүс рүү чиглэсэн халдварын энэ цохилтод Засгийн газар ч сөхөрснийг шинжээчид мэдээлэв. Тархалтын шалтгаан нь энэтхэгчүүдийн их зан, хэт үндэсэрхэг үзлээс гадна олон нийтийн хурал, хурим, улс төр болон шашны цугларалтыг зөвшөөрсөнтэй холбоотой хэмээн ажиглагчид үзэж байна. Тухайлбал, Энэтхэгийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Сринат Редди “Ихэнх хүн сүргийн дархлаа үүссэн хэмээн итгэж хүн бүр ажилдаа буцаж орохыг хүссэн. Халдварын тархалтын тухай анхааруулгыг сонсоогүй” гэж ярилаа. Вирусын шинэ хувилбар тархсаныг хоёрдугаар сард судлаачид мэдээлсэн ч эрх баригчид нь үгүйсгэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.20 МЯГМАР № 79 (6556)