З.Батцэцэг
Чех улсад Оросын “Спутник V” вакцины талаарх маргаан үргэлжилсээр байна. Дам байдлаар энэ нь Засгийн газарт багадаа 2 хүнийг огцруулаад байна. 4 дүгээр сарын 19-нд ОХУ-д Шадар сайд Ян Гамачек ирж байгаа. Чех нь “Спутник V” вакциныг авах бас нэгэн Европын улс болох нь уу? Энэ талаар “Газета.ру” мэдээлж байна.
Чехийн шадар сайд, саяхнаас эхлэн ГХЯ-ны үүрэг гүйцэтгэгч Ян Гамачек 4 дүгээр сарын 19-нд Москвад ирнэ. Хэлэлцээрийн гол зорилго нь “Спутник V” вакциныг худалдаж авах талаар гэдгийг Гамачек өөрийн Twitter хуудсаар мэдэгдсэн.
Чехийн улс төрчийн хэлснээр Оросын вакциныг Европын эмийн агентлаг бүртгэж авсны дараа худалдаж авна гэлээ. Одоо Москвад ирдэг нь урьдчилан Оросын шууд хөрөнгө оруулалтын газартай тохиролцох гэв.
Чехд коронавирусын асуудал хүндхэн байгаа. Нийт 1,6 сая хүн халдвар авснаас 28 мянга гаруй хүн нас баржээ.
Ерөнхий сайд Андрей Бабиш нь Гамачекийг Москва явдаг нь буруу алхам хэмээн шүүмжилж байна. Улстөрчдийн энэ зөрчилдөөнийг, тэд 2 өөр намд харъяалагддагаар тайлбарлаж болно.
Гэхдээ ерөнхийдөө Засгийн газрын тэргүүн Оросын вакциныг авахыг дэмжиж байгаа. Тэрээр хэлэхдээ ЕХ хүлээн зөвшөөрвөл Прага 300 мянган тун авах урьдчилсан тохироотой гэв. Өмнө нь Бабиш хэлэхдээ ЕХ нь Чехийг “Спутник V” вакциныг худалдаж авахыг шууд бус байдлаар албадаж байна гэв.
Оросын Хүмүүнлэгийн Их Сургуулийн гадаад бүс, гадаад улс төр судлалын тэнхимийн дэд профессор Вадим Трухачёв “Газета.ру”-д өгсөн ярилцлагадаа Москва Чехээс олон нөхцөл шаардаж магадгүй гэлээ. “Жишээ нь эхлээд маршал Коневын хөшөөний асуулыг шийдчих, дараа нь вакцинаа өгч болох юм. Уг хөшөөг Чехийн засгийн газраас татан буулгахыг эсэргүүцэж байсан ч, шийдвэрийг хотын захиргаанаас гаргажээ” гэж тэрээр хэллээ. Үүнээс болж Чехийн засгийн газарт 2 хүн огцорсон бөгөөд энэ нь Оросын вакцинтай бас дам холбоотой юм.
4 дүгээр сарын 12-нд ГХЯ-ны сайд Томаш Петршичек огцорсон. Тэрээр ЕХ бүртгээгүй байхад “Спутник V” вакцин авахыг эсэргүүцэж байсан юм.
Гэхдээ Radio Prague-н мэдээлснээр тус улсын засгийн газраас Петршичекийн эсрэг олон санал гомдолтой байжээ. Ялангуяа тэрээр “Дукованы” АЦС-д шинэ эрчим хүчний блок барихад Орос, Хятадын компаниудыг тендерт оролцуулахын эсрэг байр суурьтай байсан юм.
4 дүгээр сарын 7-нд ЭМЯ-ны сайд Ян Блатный огцорсон. Тэрээр бас Оросын вакцин авахын эсрэг байр суурьтай байжээ. ЭМЯ-ны шинэ сайд Петр Аренбергер нь цар тахал эхэлснээс хойш томилогдсон 4 дэхь сайд юм.
Өмнө нь ерөнхийлөгч Милош Земан нь Блатныг ЕХ-ны зөвшөөрөл хүлээсээр байгаад хүн амын нас баралтын тоог хэтрүүлсэн хэмээн түүнийг буруутгаж байсан. Хүн амд ноогдох үзүүлэлтээрээ бол Чех улс нь дэлхийд нас баралт өндөртэй улсын тоонд орж байгаа юм.
Өвөл 2 дугаар сард Земан өөрөө ОХУ-ын ерөнхийлөгч Путин руу “Спутник V” вакцин илгээгээч гэж гуйсан захиа явуулжээ. Чехийн удирдагчийн хэлснээр уг захиаг Бабиш мөн дэмжижээ.
Сүүлийн үед болж буй энэ огцролтууд их нөлөө байхгүй. Учир нь намар парламентын сонгууль явагдана гэж Трухачёв ярив. Чех бол парламентын засаглалтай орон, тиймээс засгийн газрын гол шийдвэрийг Бабиш гаргана гэдгийг тэрээр бас онцлон хэллээ. “Земан өөрөө нэр хүндтэй хүн учираас ерөнхийлөгчийн санал мэдээж чухал. Вакцины хувьд ЕХ өөрөө тоормос болж байгаа бөгөөд Прага, Москва хоорондоо тохиролцож чадвал Брюссель Оросын вакциныг хэрэглэхийг зөвшөөрнө” гэж Трухачёв хэллээ.
76 настай Земан барууны хэвлэлийхэнд Оросын талыг барьдаг улс төрч гэж бичигддэг. Тэрээр 2017 онд Европын Зөвлөлийн Парламентын Ассемблейд Крымийн статусийг “шийдэгдсэн асуудал” хэмээгээд, харин Украйн нөхөн төлбөрийн асуудлаар Оростой тохиролцох хэрэгтэй гэж хэлснийг нь их буруутгаж бичдэг. Чехийн ерөнхийлөгч мөн Киевийг НАТО-д элсэж, “Хойд урсгал-2” барихыг эсэргүүцэж байжээ. Үүний зэрэгцээ тэрээр Крымийг буцаагаад Украйны болгох хүн гарч ирвэл гарцаагүй Нобелийн шагналтан болно гэж хэлж байжээ.
“Земан Оросын талыг баримталдгүй. Тэр зүгээр л Оросын эсрэг үзэлтэн биш. Тэрээр нэг бус удаа Оросыг шүүмжилж байсан. Чехд Оросын талыг баримталдаг 2 хүч л бий: Коммунист нам, “Эрх чөлөө ба шууд арчилал”-ын үндэсний үзэлтнүүд” гэж Трухачёв хэллээ.
Эх сурвалж: www.gazeta.ru