Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улс COVID-19 эсрэг дархлаажуулалтдаа БНХАУ-ын төрийн өмчит “Синофарм” компанийн вакциныг ашиглаж байгаа. Тус компани нь 128 мянга гаруй ажилтан, 1100 гаруй салбартай, дэлхийн зургаа дахь том вакцин үйлдвэрлэгч юм. Хятадын үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт ашигладаг бүх вакциныг энэ компанид үйлдвэрлэдэг. Гэвч Хятадын Өвчний хяналтын төвийн захирал Гао Фу  энэ сарын 10-нд хэвлэлийн хурлын үеэр тус улсын дотоодын үйлдвэрийн вакцинууд халдварын эсрэг үзүүлэх үр дүн  муу байгааг хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахын тулд хооронд нь холих хэрэгтэй гэж мэдэгдсэн нь шуугиан тарилаа. Гэвч тэрбээр нэг хоногийн дараа “Хятадын вакцин үр дүн багатайг хүлээн зөвшөөрлөө” гэсэн ташаа мэдэгдлээ няцааж, “Вакцинжуулалтын  явцыг илүү нарийн болгож өөр төрлийн вакцинуудыг холих аргаар вакцины үр дүнг сайжруулах боломжтой эсэхийг судлах нь зүйтэй гэсэн санааг хэлсэн. Харин Хятадын вакцин үр дүн муутай гэж огт мэдэгдээгүй” хэмээн Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонинд ярилцлага өгчээ.

Мөн Хятадын Өвчний хяналтын төвөөс Хятад вакцины эхний тунг тарьснаас хойш 3-8 долоо хоногийн дотор хоёр дахь тунгаа тариулах нь вакцины үр дүнг сайжруулах боломжтой  гэж гуравдугаар сарын 28-нд мэдэгдсэн байна. Өмнө нь онцгой байдлын үед дархлаажуулалтын ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байсан учир хоёр долоо хоногт багтаж хоёр дахь тунгаа тариулахыг зөвлөсөн гэв. ДЭМБ “Синофарм”, “Синовак” компаниудын вакциныг  энэ сарын сүүлээр албан ёсоор бүртгэх эсэхийг хэлэлцэнэ. ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото  энэ сарын эхээр Хятадын вакцин үйлдвэрлэгч “Синофарм”, “Синовак Биотек” компаниудын бүтээсэн вакциныхаа үр дүн, аюулгүй байдлын тухай мэдээллийг тайлагнасан нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн хэмээн мэдэгдэж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. “Синофарм”-ын вакцины хувьд 79 хувийн үр дүн үзүүлсэн бол “Синовак Биотек”-ийн вакцин 50.4 хувийн үр дүнтэй юм. Харин ДЭМБ-аас 50 ба түүнээс дээш хувийн үр дүн үзүүлсэн вакциныг бүртгэн авдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)