З.БАТЦЭЦЭГ
Цай бол дэлхийн хамгийн алдартай уух зүйл. Хэдэн арван судалгаагаар цай нь хүний эрүүл мэндэд ач тустай, олон архаг өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг баталсан. Гэсэн хэдий ч цайг бэлдэхдээ бид түгээмэл алдаа гаргадаг. Тэглээ гээд цайны ач тус бүрэн арилахгүй ч, зарим нэг чухал нэгдлүүдэд хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг байна.
Хэт халуун ус
Олон шинжээчдийн үзэж буйгаар дөнгөж буцалсан усаар цай найруулах дэмий байдаг байна. Халуун ус нь цайны навчны амтыг үгүй хийж, гашуун амт оруулдаг. Үүнээс гадна цайны гол ашигтай катехин буюу антиоксидантыг байхгүй болгодог. Бүх төрлийн цайнд тохирсон усны халууны хэмжээ гэж байдаггүй. Жишээ нь, ногоон цайг 85˚С-д, хар цайг 95˚С-д хандлах нь тохиромжтой.
Хэт удаан хандлах
Мэргэжилтнүүд цайгаа дүрж орхичоод мартчих нь буруу гэж үзэж байна. Цайны нэр төрлөөс хамаараад хандлах хугацаа өөр. Цагаан цай 1-3 мин, ногоон цай 3 мин, хар цай 3-5 мин байхад хангалттай. Хэрэв удаан байлгавал таннин гэх бодис үүсдэг, энэ нь хоол боловсруулахад сөргөөр нөлөөлдөг аж.
Хэт бага хандлах
Цайг сайн хандлаагүй бол түүний шим тэжээл хангалтгүй болно. Food Chemistry-ын мэдээлснээр цайг хандлах явцад агуулагдах нэгдлүүд нь задардаг. Эхний задрал цайны навчийг усанд хийсний дараа явагдаж амт, үнэрт нөлөөлдөг. Үүний дараа микроэлементүүд болох флавоноид, полифенол, кофейн задардаг. Дараа нь илүү хүнд микроэлемент, гашуун таннин ялгардаг. Хэрвээ цайг дутуу хандалбал энэ бүх ашигтай элементүүдийг авч амжихгүй.
Дүрдэг цай
Ийм цай хэрэглэхэд хялбар ч, эрүүл мэндэд сайн хувилбар биш. Гол учир нь уутанд цайны хугархай иш, навчнаас хийдэг. Үүнийг голдуу “тоос” гэж нэрлэдэг. Ийм цайнууд голдуу эфирийн тос бага, гашуун таннин их агуулдаг. “Пирамид” хэлбэртэй цайнууд арай илүү үр дүнтэй. “Пирамид” цайнууд голдуу чанар сайтай цай агуулдаг ба уут нь усыг оновчтой нэвтрүүлдэг. Энгийн дүрдэг цайны уутыг боловсруулсан цаасаар хийдэг ба энэ нь биед хортой химийн бодисыг ялгаруулж магадгүй байна.
Эх сурвалж: www.profile.ru