Б.ДОЛЖИНЖАВ

Хүүхдийн эмч, доктор Эдит Брачо-Санчес хүүхдээ вакцинд хамруулахдаа аюулгүй байдалд нь санаа зовниж байгаа шалтгааныг нь олохоор хэд хэдэн эцэг эхтэй уулзжээ. Ингэхэд хүүхэд өсч томрох үед вакцин хэрхэн нөлөөлөх  бол гэсэн айдсаас үүдэн эцэг эхчүүдийн ихэнх нь вакцинд хамруулахыг зөвшөөрөхгүй гэжээ.  Тиймээс вакцинаас айх нь хүүхдээ хайрлахгүй байгаагийн илрэл хэмээн эцэг эхчүүдийг хэзээ ч буруутгаж болохгүй хэмээн тайлбарлав. Мөн хүүхдийн вакциныг гаргаж авахын тулд олон жил зарцуулдаг тул эцэг эхчүүд эргэлзэх нь аргагүй гэдгийг ч тэрбээр тайлбарлалаа.

Энэ талаар хүүхдийн эмч, доктор Эдит Брачо-Санчес “Одоо бэлэн болсон шинэ вакцинууд хариу урвал үзүүлэх, үүнээс үүдэх айдас бол байх ёстой зүйл юм. Вакцины аюулгүй байдалд эргэлзлээ гээд та тэнэг биш. Хүн бүрт байдаг айдсын нэг хэлбэр. Гэхдээ вакцины талаар  асар их худал мэдээлэл түгсэнийг бид санах ёстой гэж бодож байна” гэж ярилаа.

"Вакцин хийлгэхгүй бол халдвар авах эрсдэл маш өндөр"

Хүүхдийн эмч нарын туршлагаас үзэхэд COVID-19 халдвараас өөрийн хайтай хүнээ хамгаалахад нь вакцин хэрхэн туслах талаар ярилцах нь зөв гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар 100 сая гаруй Америк иргэн эхний тун вакциндаа хамрагдсаныг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв. Түүнчлэн вакцин хийлгэх хүсэлтэй иргэд арванхоёрдугаар сард 65 хувь байсан бол гуравдугаар сарын 30 гэхэд 74 хувь болж нэмэгджээ. Гэсэн ч 26 хувь нь одоог хүртэл вакцинд хийлгэхгүй гэсэн байр сууриндаа бат зогссон хэвээр байна. Сүргийн дархлаа тогтоохын тулд улсаас хүмүүсийг вакциндаа хамруулахыг ятгах арга замыг эрэлхийлж байна.

Энэ талаар доктор Эдит Брачо-Санчес “Эцэг эхчүүдтэй ярилцахдаа хамгийн эхэнд би та бүхнийг вакцины аюулгүй байдалд санаа  зовж байгааг ойлгож байна гэж хэлсэн. Дараа нь хаанаас ирсэн болон болон бусад асуултаа асуусан.  Тэгээд хайртай хүнтэйгээ ярилцаж байгаа мэт тухайн хүнд маш их анхаарлаа хандуулан,  өрөвч сэтгэлээр сонссон. Хэрэв та хэн нэгнийг халамжлахыг хүсч байвал эрүүл мэндийг нь хамгаалахад хэрхэн тусалж чадах вэ гэдэг талаар бодох нь чухал. Харин тэдэн рүү хашгирч, үл тоож, сонсохыг хүсэхгүй зүйлийг их ярих нь харилцааг дордуулна” гэв.

Улаанбурхан, гахайн хавдарын эсрэг одоо ашиглаж байгаа вакцинууд хүүхдийг аутизмтай болгодог гэсэн хуурамч мэдээлэлээс үүдсэн санаа зовнил эцэг эхчүүдэд их байдгийг тэр ярилцлагаараа олж мэджээ. Халдварт өвчнөөс сэргийлэх вакцинууд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь судалгаагаар батлагдсаны дараа ч эцэг эхчүүдийн айдас арилсангүй.  Тухайлбал, COVID-19 халдварын эсрэг Pfizer, Moderna вакцинууд маш бага хариу урвал үзүүлэхийн сацуу халдвараас 90-ээс дээш хувиар урьдчилан сэргийлдэгийг баталсан. Энэ талаар “Олон хүн вакцин болон вакциныг тариулах нь ямар үр нөлөөтэй талаар мэддэг болох нь хамгийн чухал. Учир нь вакцин хийлгэхгүй бол халдвар авах эрсдэл маш өндөр” гэж Америкийн эмийн холбооны ерөнхийлөгч, доктор Сусан Байлей ярив.

Түүнчлэн доктор Санчес эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө хэмээн итгэдэг тул гурван сартай жирэмсэн байхдаа халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Түүний ярилцсан ихэнх ээж үүнд үнэмшихгүй байгаагаа ярьсан байна.

Доктор Сусан Байлей “Цар тахал дэгдсэнээс хойш хүмүүс юуг хамгийн ихээр алдсан, юу сонирхож байгаа гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Тэд хамаатныдаа зочилж чадахгүй болсон уу. Тэд ямар нэгэн үйл ажиллагаанд очиж чадахгүй болсон уу. Тэгвэл энэ бүхнийг хэвийн байдалд шилжүүлэх хамгийн хурдан арга бол хүн амынхаа 70-80 хувийг вакцинжуулах юм” гэв. АНУ энэ сарын 2-нд аялалын удирдамжаа шинэчилж, бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийг аялалаар чөлөөтэй явахыг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж:CNN