З.БАТЦЭЦЭГ
1980 онд ЗХУ-д Олимпийн эрх авахад нөлөөлсөн гэгддэг Самаранчийн хүү одоо ОУОХ-г удирдах хүсэлтэй байна.
Хуан Антонио Самаранч-бага нь аавыхаа 21 жилийн туршид хашсан албан тушаал болох ОУОХ-г тэргүүлэх ажилд өрсөлдөхөд бэлэн байна гэж мэдэгдэв. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг “МК-спорт” хүргэж байна.
61 настай Маркиз де Самаранч (бүтэн нэр нь- Хуан Антонио Самаранч-и-Салисакс) нь Италийн СОРЕ радиод өгсөн ярилцлагадаа ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьжээ.
-2025 онд ОУОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшихийг та үгүйсгэж байна уу?
-Үгүй ээ, үгүйсгэхгүй.
Энэ яриа маш хурдан дэлхий даяар мэдээ болон түгэж, Олимпийн хөдөлгөөний ирээдүйд ихээхэн сонирхол татахуйц үйл явдал боллоо.
Одоогийн ерөнхийлөгч Томас Бахын хугацаа 2025 онд дуусна. Одоогийн ОУОХ-ны дүрмээр нэг хүн хэдэн арван жилээр ОУОХ-г тэргүүлэх боломжгүй болсон юм. Үүнээс өмнө Хуан Антонио Самаранч 1980-2001 он хүртэл ОУОХ-г удирдаж байсан.
Анх Самаранч олон улсын олимпийн хөдөлгөөний хямрал дээд цэгтээ хүрсэн үед Москвад болсон ОУОХ-ны чуулганаар сонгогдон ерөнхийлөгч болж байжээ. Түүнийг сонгогдоход барууны ихэнх орнууд Москвад болох Олимпийн тоглолтод бойкот зарласан байсан юм. Дөрвөн жилийн дараа ЗХУ, түүнийг дагагчид 1984 оны Лос-Анжелест болсон зуны Олимпийг бойкотолжээ. Аль аль тохиолдолд бойкотолсон орнууд ОУОХ-ны хяналтаас гадна өөрсдийн тоглолтыг зохион байгуулж байсан.
Хуан Антонио Самаранч нь ОУОХ-г дамуурлаас авран, Олимпийн тоглолтыг устаж үгүй болохоос сэргийлж чадсан удирдагч юм. Түүний удирдлага дор тоглолтын санхүүжилт эрс өөрчлөгдөн, Олимпийн тоглолтод ганц сонирхогчид биш, мэргэжлийн тамирчид оролцдог болон, томоохон корпорацуудтай спонсорын гэрээ байгуулан, тоглолтыг зурагтаар цацах эрхээр ОУОХ хэдэн тэрбум доллар олдог болжээ.
Үүнтэй зэрэгцэн түүнийг ОУОХ-г хэт арилжааны болгосон, тоглолтын прогораммыг хэт өргөтгөсөн, спортын бүх зах зээлтйг хяналтдаа авах гэсэн, хүнд суртал, хэний ч өмнө тайлан тавьдаггүй зэргээр буруутгаж байсан. Мөн түүнийг авилгын хэрэгт буруутган, хэт тансаг амьдарлыг нь хангах гэж ОУОХ их мөнгө зарцуулж байсан, хүний эрх зөрчлийг үл тоомсорлосон, допингийн зөрчлийн системийг нуух гэж оролдсон хэмээн буруутгаж байлаа. Эцэст нь түүний дуулиант залуу нас, Франсиско Франко генералын үзэл бодлыг дэмжиж байсан хэмээн буруутгадаг.
Тэрээр 2001 онд ажлаа өгсөн ч, ОУОХ-ны насан туршийн хүндэт ерөнхийлөгчөөр өөрийгөө өргөмжлүүлэн, хүүгээ ОУОХ-нд оруулжээ.
Самаранчийн дараа сонгогдсон Жак Рогге, Томас Бах нар ОУОХ-г өөрчлөх гэж багагүй хүч гаргасан. Дүрмийг шинэчлэн, томилолтын зардалд хязгаар тогтоосон. Рогге бүр 2002 онд Олимпийн тоглолтын үеэр Олимпийн тосгонд байрлан олныг алмайруулж байсан. Хүү Самаранч нь 2020 онд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс гарсан юм.
Гэхдээ сүүлийн жилүүдэд ОУОХ-ны санхүүгийн үр дүн тун муу байгаа. Орлого нь өсөхөө больж, допингийн удаа дараах дуулиант хэргүүд олон спосорыг үргээн, тоглолт зохион байгуулах нь хэт их зардалтай байгаа тул олон хот нэр дэвшиж, өрсөлдөхөөсөө татгалзаж байна. Эцэст нь саяхан АНУ-ын Засгийн газраас 2022 онд Бээжинд болох өвлийн Олимпийг бойкотлох санал гарсан. Бүх зүйл яг л 70-аад оны төгсгөл үед, Хуан Антонио Самаранчийг ерөнхийлөгч болохоос өмнөх үеийг тун санагдуулмаар болжээ.
Яг энэ үед хүү Самаранч ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийллээ. Гэхдээ маш болгоомжтойгоор, ярилцлагадаа тэрээр эхлээд ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлд эргэж орох хүсэлтэй байгаагаа хэлжээ. “Одоо би гүйцэтгэх зөвлөлд боломжийн хугацаагаар эргэж орж болох уу гэдэг асуудал байна. Би болно гэж найдаж байна. Бусдаар, би асуудлыг дэс дараатай шийдэхийг хүсэж байна” гэжээ.
Түүний мэдэгдэл олныг шуугиулав. The Times of India хэвлэлийн үзэж буйгаар Самаранчид боломж бий, ялангуяа Африк, Азийн орнуудын ҮОХ-оос дэмжлэг их ирнэ гэв. Учир нь Рогге, Бахын үед хөгжингүй орнуудын спортын хөдөлгөөнийг дэмжих зардалд хэт хатуу хяналт тавьсан байгаа юм. Үүнээс гадна тэрээр Хятадтай сайн харилцаатай байгаа билээ. Тэрээр 2022 онд Бээжинд болох тоглолтын бэлтгэлийг хангах зохицуулах комиссын тэргүүнээр ажиллаж байгаа юм. Аавтайгаа адилхан бас нэгэн түүх. Аав нь ЗХУ-д Элчин сайдаар бууж байх үедээ Зөвлөлтийн удирдлагуудтай сайн харилцаатай байж, социалисторнуудын саналаар эрх мэдэлд хүрсэн юм.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль 2025 онд Афинд болох чуулганы үеэр болно.
Эх сурвалж: www.sportmk.ru