З.БАТЦЭЦЭГ

Белградын вирус судлал, вакцины “Торлак” төв нь Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан /ШХОС/, Гамалейн хүрээлэн, “Генериум” эмийн компанитай “Спутник V” вакцины  үйлдвэрлэх технологийг авах  тохиролцоонд гарын үсэг зурсан хэмээн Сербийн Инноваци ба технологийн хөгжлийн сайд Ненад Попович мэдэгдлээ. 

“Энэ цаг үеэс эхлэн “Торлак”-д Оросын хамгийн сайн вирус судлалын хүрээлэнгийн гаргасан “Спутник V” вакцины үйлдвэрлэлийн бүх мэдээлэл нээлттэй боллоо. Энэ бол бие биедээ маш их харилцан итгэлцдэг түншүүд хоорондоо хуваалцдаг тийм нууц, чухал мэдээллийн тухай юм” гэж сайдын хэлснийг Танюг агентлаг дамжуулж байна.

Сербид дөрөвдүгээр сард туршилтын гурван багцыг савлан Гамалейн төв рүү шалгуулахаар явуулна гэж төлөвлөж байна. Поповичийн хэлснээр эхний үе шат тавдугаар сарын 20-ноос өмнө эхэлж магадгүй гэв.

Белград дахь ОХУ-ын элчин сайд Александр Боцан-Харченко хэлэхдээ “Спутник V” вакцины Серби дэх үйлдвэрлэлийн эхний үе шат тавдугаар сард гарна, мөн энэ оны төгсгөл гэхэд вакциныг бүрэн үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэжээ.

Сербид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Америкийн Pfizer вакцинаар дархлаажуулалт эхэлсэн ба Оросын “Спутник V” вакцины эхний хэсэг арванхоёрдугаар сарын 30-нд ирж, Хятадын Sinopharm нэгдүгээр сарын 16-нд иржээ. Вакцин хийлгэх хүсэлтийг онлайнаар авах бөгөөд ард иргэд өөрсдөө хийлгэх вакцинаа сонгох юм. Сербийн ЭМЯ-ын мэдэгдсэнээр, 42 хувь буюу ихэнх иргэд Оросын вакцин хийлгэх хүсэлтэй байна.

Оросын ЭМЯ 2020 оны наймдугаар сард Гамалейн нэрэмжит эпидемиологи, микробиологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гаргасан коронавирусын эсрэг вакциныг бүртгэсэн. Вакциныг “Спутник V” гэж нэрлэсэн. Уг вакцин нь хүний аденовирусын векторт суурилан бүтээсэн учир гол давуу чанар нь аюулгүй байдал, үр дүн, урт хугацааны сөрөг нөлөө үзүүлдэггүйд оршиж байгаа юм. Одоогоор бүртгэлийн дараах туршилтын үедээ явж байгаа юм.

Эх сурвалж: www.ria.ru