Б.ДОЛЖИНЖАВ

Төрийн эргэлт хийснээс хойш цэргийнхний гарт 540 гаруй иргэн амиа алдсан ч, Мьянмарын залуучууд ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэлдээ бууж өгсөнгүй. Олон нийтийн сүлжээг хязгаарлаж, гар утасных нь сүлжээг хаасан ч хэвлэмэл материал, радиогоор дамжуулан жагсагчид хоорондоо мэдээлэл солилцож, цар хүрээгээ өргөжүүлсээр л байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин Мьянмарын мөргөлдөөн, цэргийнхний аймшигт хүчирхийлэл олон улсад тархаж, хэд хэдэн улс хариу арга хэмжээ авахаа илэрхийлсэн ч нөхцөл байдал сайжирсангүй.

Харин тус улсын мисс 22 настай Хан Лай Тайландад болсон "Miss Grand International 2020"  олон улсын тэмцээний тайзнаас эх орондоо үүссэн үйл явдалд тун их санаа зовж байгаагаа хэлж, олон улсаас тусламж гуйсан нь өнөөдрийг хүртэлх хамгийн “халуун”, олны анхаарлыг татсан үйл явдлын нэг хэвээр байна.

Тэрээр  “Миний эх орон Мьянмарт өнөөдөр олон зуун хүн амиа алдлаа. Бидэнд яг олон улсын тусламж хэрэгтэй байна. Мьянмарт туслаач гэж гуйж байна.  Яг одоогийн нөхцөл байдлын талаар дуугарах нь Мьянмарт хориотой гэдгийг хүн бүр мэдэж байгаа болов уу. Би гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийн аюулгүй байдалд туйлаас санаа зовниж байна” гэж ярьсан юм.

Янгоны их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутан Хан Лай Тайланд руу явахаасаа өмнө Янгон хотын гудамжинд цэргийнхний эсрэг жагсаж байв. Түүний оюутны найз  нь жагсаалд оролцоогүй ч зоогийн газарт кофе ууж сууж байгаад цагдаад буудуулан амиа алджээ.

Тэрээр “Манай улсад сэтгүүлчдийг баривчилсан учир би үгээ хэлэхээр шийдсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Тайландад гурван сар байхаар боллоо. Учир нь хэрэв би эх орондоо очвол эрсдэлд орно гэж найзууд минь надад хэлсэн. Би илтгэлээсээ хойш цэргийнхэн болон бусад албаны хүмүүстэй уулзаагүй ч олон нийтийн сүлжээгээр “Мьянмарт очвол шоронд хорино” гэж сүрдүүлсэн олон сэтгэгдэл хүлээн авсан. Хүний эрхийг зөрчсөн эдгээр гэмт хэргийн эсрэг НҮБ яаралтай арга хэмжээ аваасай хэмээн хүсч байна. Бид удирдагч Аун Сан Су Чи болон жинхэнэ ардчиллаа эргүүлэн авахыг хүсч байна ” хэмээн утсаар BBC-д ярьжээ.

 Миссүүд улс төрийн талаар үзэл бодлоо тэр бүр илэрхийлдэггүй, энэ сэдвээс хол байхыг зорьдог боловч Хан Лай эх оронд нь үүссэн нөхцөл байдлын талаар хэлж, цэргийнхнийг шүүмжилсэн нь түүний хувьд үүрэг байсан гэж тайлбарлажээ. 

 Эх сурвалж: BBC