С.УЯНГА
Жил тойрон үргэлжилж буй COVID-19-ийн хямрал эдийн засгийг элгээр нь хэвтүүлээд байна. Тэгвэл манай улс эдийн засгаа дэмжиж, ажлын байрыг хамгаалах зорилгоор 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан эргэлтийн хөрөнгийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, 500 сая төгрөг хүртэлх зээлийг олгож эхлээд байгаа юм. Зээлдэгчийн барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд Зээлийн батлан даалтын сангаас зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргахаар зохицуулсан. Тэгвэл манайхтай ижил төстэй “Recovery Loan Scheme” хөтөлбөрийг Их Британи улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлжээ. Их Британи хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж эдийн засгаа сэргээхтэй холбогдуулан бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн тусгай хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд бизнесүүд £14 сая хүртэлх зээл авч болох юм.
Их Британийн төрийн өмчит хөгжлийн банк хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд арилжааны банкууд болон төрийн зөвшөөрөлтэй бусад зээлдэгч нар зээлийг олгож, Засгийн газрын зүгээс зээлийн үндсэн дүнгийн 80 хувьд батлан даалт гаргаж өгөх хэлбэрээр энэ оны төгсгөл хүртэлх хэрэгжинэ. Харин зээлийн хүүг 14.99 хувиар хязгаарлахаар тусгасан байна.
Зээл хүсэгчдэд Их Британид үйл ажиллагаа явуулдаг байх, цар тахал болоогүй бол бизнес тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байсан эсэх, хөл хорио бизнест сөргөөр нөлөөлсөн байх, төлбөрийн чадваргүй болох эсвэл дампуурлаа зарлаагүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа аж. Гэхдээ банк, барилгын нийгэмлэг, даатгагч, давхар даатгагчид, төрийн салбарын байгууллагууд, улсын бага, дунд сургуулиудад олгохгүй байхаар журамлажээ. Зээлийн хугацаа 3-6 жил байх гэнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин