Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн олон оронд ашиглаж байгаа COVID-19 эсрэг AstraZeneca вакцинд хамрагдсан цөөн хүнд цус бүлэгнэх шинж тэмдэг илэрсэн тул дархлаажуулалтаа зогсоож байгаа Европын хэд хэдэн орон зарлаж байсан. Харин Европын холбоо болон ДЭМБ-ын зүгээс цус бүлэгнэл нь вакцинтай холбоогүй хэмээн тайлбарлаж байсан билээ.

Тэгвэл Австрали улсад AstraZeneca вакцин тариулсан 44 настай хүнд цус бүлэгнэх шинж илэрсэн тул  тус вакциныг  судалж байгаагаа Австралийн Эрүүл мэндийн газар өнөөдөр  зарлалаа. Австрали улс 25 сая иргэнээ вакцинжуулах ажлыг хоёрдугаар сард эхлүүлсэн. Иргэдийн ихэнх хувь нь AstraZeneca вакцинд хамрагдах төлөвтэй байна.

Энэ тухай Эрүүл мэндийн ерөнхий газрын нарийн бичгийн даргын орлогч Майкл Кидд “Судлаачид  цус бүлэгнэл AstraZeneca вакцинтай холбоотой болохыг батлаагүй. Судалгааны явц үргэлжилж байна. Гэхдээ цус бүлэгнэл вакцинтай холбоотой байх магадлал бага” гэж ярилаа.

Мөн пүрэв гаригт тус вакцинд хамрагдсан Их Британийн 30 иргэнд цус бүлэгнэл үүссэн байна. Өмнө нь Канад, Франц, Герман, Испани улсад мөн ийм хариу урвал илэрч, вакцинжуулалтаа зогсоож байсан билээ.

Эх  сурвалж:Reuters