З.БАТЦЭЦЭГ

-Дональд Трампын гаргасан сайтыг шинжээчид дүгнэж байна-

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өөрсдийн дэмжигчддээ зориулж, улс төрийн цаашдын зорилтын талаар сайт гаргасан юм. Урьд нь Д.Трамп томоохон олон нийтийн сүлжээнд блоклуулж, өөрийн дэмжигчидтэйгээ харилцах боломжгүй болсон. Энэ сайт Twitter-ийг орлож, хуучин АНУ-ын экс ерөнхийлөгч үүний тусламжтайгаар хүмүүсийн оюун санаанд дахин нөлөөлж чадах болов уу. Энэ талаар Оросын gazeta.ru шинжээчдийн тайлбарыг авсан байна.  

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, түүний гэргий Мелания нар олон нийт, хэвлэлийнхэнтэй харилцах зорилготой 45Office.com сайт нээлээ хэмээн Fox News мэдээлсэн. .

“Трампын оффис нь түүний захиргааны аугаа өв уламжлалыг авч үлдэхийн тулд мөн “Америк бүхнээс илүү” программыг сурталчлах зорилготой. Бид америкчуудыг мэдээллээр хангаж, сэнхрүүлж, хөглөхийг хүсэж байна, учир нь бид үнэхээр аугаа Америкийн ирээдүйг бүтээхийг зорьж байна. Энэ сайтын ачаар Ерөнхийлөгч Трамп манай аугаа орны хөдөлмөрч эрэгтэй, эмэгтэй хүмүүс, тэдний аюулгүй орчинд амьдрах, хөгжих, эв найрамдлын төлөө цуцашгүй тэмцэнэ” гэж сайтын нүүрэнд бичжээ.

Сайтын бусад хэсгээс Д.Трампыг магтсан мэдээллийг олж болох ба тэр дундаа түүнийг цар тахлын үед олон хүний амийг аварсан гэх мэтчилэн өөр бусад магтаалыг олж үзэж болно. Түүнээс гадна сайтаар дамжуулан Трампад мэссэж бичиж болох нь. Мөн онцгой тохиолдолд ерөнхийлөгч, түүний гэргийгээс мэндчилгээ авч болох аж.

Өнгөрсөн долоо хоногт Д.Трампын ахлах зөвлөгч Жейсон Миллер  “Хуучин Ерөнхийлөгчийг өөрийн сайтаар эргэн ирнэ” гэж байсан. Нэгдүгээр сард Цагаан ордон руу дайрсан дайралтаас хойш Трампыг Twitter, Facebook, Instagram, Twitch, Snapchat-д блоклоод байгаа юм.

Өөрийн сайтаар дамжуулан мэдээллийн орон зайд орох оролдлого боловч урьдынх шигээ сонгогчидтойгоо идэвхтэй харьцаж чадах болов уу? Харилцаа холбооны iMARS группын тэргүүн Владимир Табунов “Үндсэн олон нийтийн сүлжээ, телевизийн холбоогүйгээр Д.Трамп хуучин шигээ нөлөө үзүүлж чадахгүй” гэлээ.

“Цагаан ордон руу довтолсноос хойш их зүйл өөрчлөгдсөн, Трамп аккаунтгүй болсон, тиймээс өөрийн сайттай болохоос аргагүй байдалд хүрсэн. Facebook болон бусад олон нийтийн сүлжээтэй өрсөлдөж чадахгүй ч, өөрийн санаагаа дагагчдадаа хүргэх арга. Түүнд хоёр гарц байна. Нэг бол өөрөө сайттай болох эсвэл итгэмжлэгдсэн хүмүүс болох эхнэр, хүүхдүүдээрээ дамжуулж харьцах” гэж шинжээч үзэж байна.

Хараат бус PR зөвлөх Анастасия Куценкогийн үзэж буйгаар бол Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаасаа хойш дэлхийн хэвлэлийн хуудаснаас алга болсон гэнэ. “Эрх мэдэл, шийдвэр гаргах боломж зэрэг нь олон хүнийг тэр улстөрчийг сонирхож, анхаарлаа хандуулах шалтгаан болдог. Энэ нь Д.Трампад байхгүй болсон. Тиймээс тэрээр хэдэн арван сайт, мэссэнжер нээж, тэр дороо хэдэн сая дагагчтай болсон ч, урьдын нэр алдрыг буцааж авч чадахгүй. Трамп дахиж улс төрд юу ч шийдэж чадахгүй, тиймээс анхаарлыг өөртөө татах гэсэн нь тийм ч чухал зүйл биш” гэж шинжээч үзэж байна.

Зарим нэг шинжээч эсрэг байр суурьтай байна. B&C агентлагийн тэргүүн Марк Шерман “Д.Трамп урьдын адил олон дагагчтай, тэд хаашаа ч алга болоогүй” гэж үзэж байна. “Энэ бол хэдэн арван сая хүн. Тэгээд ч Д.Трампын багийнхан мэдээллийн технологийг маш сайн эзэмшсэн. Трампын аккаунтыг блоколсоны дараа түүнд өөрийн намын дэмжигчидтэйгээ харилцах талбар хэрэгтэй. Тэгээд ч тэр дахин сонгуульд өрсөлдөж болно. Асуудлын гол нь тэрээр ямар мэдээллээр хангах бол?  Улс төрийн хувьд этгээдээр үзэл бодлоо илэрхийлдэгийг  нь хүмүүс хүлээх л байх” гэж Шерман үзэж байна. Түүнээс гадна Шерманы үзэж буйгаар Д.Трамп бол Бүгд найрамдах намын нөлөө бүхий хүн. Тиймээс сайт бол улс төрийн хувьд зөв талбар  гэнэ.

“Бусад Ерөнхийлөгчийг бодвол тэрээр идэвхтэй улстөрч гэдгээ үүгээр нотолж байгаа юм. Баруун жигүүрт Fox News-ээс эхлээд Breitbart хүртэл олон хэвлэлийхэн, олон нийтийн сүлжээний томоохон группууд байгаа тул түүнийг дэмжигчид зөндөө олдоно. Тэгээд ч уг сайт нь томоохон олон нийтийн арга хэмжээг санаачлах их үйлийн эхлэл болж болох юм” гэж шинжээч дүгнэж байна.

Эх сурвалж: www.polit.mn