З.БАТЦЭЦЭГ

Лула да Силва Бразилийн ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Тэрээр 580 хоног хоригдсоны дараа шүүхийн шийдвэрээр эрүүгийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөний дараа өгсөн хамгийн эхний ярилцлагадаа энэ тухайгаа хэллээ. Энэ ярилцлагадаа тэрбээр ирээдүйн сонгуулийн сурталчилгааны үндсэн чиглэлээ тодорхой хэлсэн. Тодруулбал, одоогийн ерөнхийлөгч Жаир Болсонаруг цар тахлыг хяналтгүй алдсанд буруутгана гэсэн билээ.

Үйлдвэрчний эвлэлийн тэргүүн асан Лула ард түмний асар их дэмжлэгээр 2003-2011 онд Бразилийн ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм. Юун ард түмэн! АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2009 онд “Их хорь”-ийн уулзалтын үеэр түүнийг “Дэлхийн хамгийн алдартай улстөрч” гэж нэрлэж байсан. Гэвч Лула 2017 онд Бразилийн шүүхийн шийдвэрээр 9,5 жилийн ял авсан ба хожим нь 12 жил болж нэмэгдсэн юм.

Түүнийг ялласан гол шалтгаан нь “Машин угаалга” нэртэй дэлхийн түүхэн дэх хамгийн том авилгын хэрэг. Нийт 500 улстөрч, 26 улс төрийн намыг хамарсан хэрэг байсан юм. Гэсэн хэдий ч Бразилийн Засгийн газрын бүх түвшний авлигын цартахлыг илчилсэн энэхүү урт бөгөөд дуулиант үйл явцын эхэн үеэс мөрдөн байцаагч, шүүгч нарын эрүүл бус оролцоо ажиглагдаж байсан. Тэдгээрийн зарим нэг нь анхнаасаа Лула болон түүний улс төрийн холбоотнуудыг буруутгах зорилготой байсан. Тиймээс Лулагийн залгамжлагч ерөнхийлөгч зүүний үзэлтэн Дилма Русефийг огцруулан, барууны консерватор үзэлтэн, бизнесмен “латин Америкийн Трамп” хочтой Болсонара ерөнхийлөгч болсон юм.

Одоогийн ерөнхийлөгчийн ойр дотныхныг мөрдөж шалгаж эхлэхэд, хэнийг ч барьж хориогүй юм. Болсонара мөрдлөг өөрт нь ашиггүй тал руу эргэж эхэлмэгц өнгөрсөн жилийн сүүлээр “машин угаалга” үйл ажиллагааг хааж, Засгийн газрын авлигын хэргийг ялан дийлсэнээ зарласан билээ. Прокурор эсэргүүцэж байсан ч, долоон жилийн өмнө байгуулсан мөрдлөгийн тусгай баг хоёрдугаар сарын 1-нээс татан буугдсан. Хийх ажлаа хийсэн, цаашаа одоогийн эрх баригчдын эсрэг ухаж ажиллахыг хориглоно гэсэнтэй адил.

Лула болон түүний холбоотнуудын эсрэг үйл ажиллагааны эхэн үеэс л өрсөлдөгчдөө дарах гэсэн улс төрийн захиалгаар Бразилийн хуулийн систем бохир ажиллаж байгаа талаар хэвлэлийхэн бичиж байлаа. Үнэн хэрэгтээ анхнаасаа л Бразилийн сөрөг хүчний тэргүүн, улсын хамгийн алдартай улс төрчийг буруутгаж байгаад бүх зүйл цэвэр байна уу? гэдэг асуулт тавих нь зүйтэй байсан байх. Гэхдээ ийм логик нь нэгдмэл Барууныханд нэлээн сонгомол байдлаар ажилладаг. Харин Оросод авлигын хэргээр баригдсан ямар ч хүн шууд “сөрөг хүчний алдартай тэргүүн” болж хувирдаг. Тэр хүн улс төртэй холбоотой байна уу, үгүй юу, үнэхээр алдартай хүн мөн эсэх нь хамаагүй. Оросод болон Хятадад ийм хүмүүсийн эсрэг ямар ч үйл ажиллагаа явуулсан хамаагүй шууд хориг арга хэмжээ авдаг. Гэвч ийм алдартай сөрөг хүчний тэргүүн Лулу да Силваг шоронд хийхэд нэгдмэл Барууныхан түүнийг өмөөрч нэг ч үг дуугараагүй, хэн ч Бразилийн эсрэг эсвэл “машин угаагч” үйл ажиллагааг зохион байгуулагчдын эсрэг хориг арга хэмжээ аваагүй. АНУ-ын төрийн департаментаас улс төрийн ялтныг сулла гэж нэг ч ууртай шаардлага тавиагүй.

Түүгээр ч барахгүй 2019 оны 3 дугаар сард гарсан болсон нэлээд хачирхалтай явдал нь Бразилийн экс ерөнхийлөгчтэй холбоотой хэрэгт Америкчууд оролцсонтой холбоотой цуурхал, нууц хуйвалдааны тухай яриа үүсгэхэд хүргэсэн юм. Тэр үед Лула шоронгоос хэдэн цагийн чөлөөгөөр гарч, гэнэт менингитээр нас барсан 7 настай ач хүүгийхээ оршуулгад оролцсон билээ. Түүнийг завсэглэсэн цуваа дагаж явсан ба түүний дотор Майамигийн цагдаагийн тусгай хүчний хуягтай цэрэг байсан юм. Эдгээр хүчнийхэн Америктай ямар холбоотой вэ? гэсэн асуулт нэн даруй гарч ирлээ. Албан ёсны хариулт хэн ч өгөөгүй. Бразилийн цагдаагийн холбооны төлөөлөгч Данило Кампетти Флоридад сурч байсан, дараа нь Болсонарагийн бие хамгаалагч хийж байсан нь ил болмогц Лулагийн талыхан түүнийг одоогийн эрх баригчдын улс төрийн хоригдол болсон гэдэгт улам итгэх болжээ.

Шүүхийн сүүлчийн шийдвэрээр хуучин ерөнхийлөгчийн нэрийг бүрэн цэвэрлэж, түүнд сонгуульд өрсөлдөх замыг нээсэн нь энэ хэрэг улс төрийн шинжтэй байсныг нотолж байна. Вашингтон болон барууны орнууд Оросод шүүх хурал болоход идэвхтэй хариулдаг байдаг атлаа энэ удаа таг чиг байгаа нь Лулуг мөрдөгчдийн эсрэг нэг ч хориг арга хэмжээ авахгүй бололтой.

Бразилийн улстөрчийн шүүх хурал дээр барууны орны элчин сайдын төлөөлөгч нэг ч харагдаагүй. Харин саяхан Орос дахь АНУ-ын элчингээс “Сууж байгаа орныхоо шүүх хурлыг ажиглах нь дэлхий даяарх дипломат ажилд байдаг стандарт” гэж хэлж байсан. Энэ нь зөвхөн яллагдагчийг америкчууд өөрсдөө сургасан цагдаагаар хамгаалалтад авахгүй тохиолдолд л үйлчилдэг бололтой. Ийм тохиолдолд дипломатгүйгээр ажиглах хүн байгаа гэж ойлгож болох нь.

Лулугийн нэр цэвэрлэгдэж, дахин ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн нь одоогийн Засгийн эрх баригчид, бизнес хүрээнийхний санааг ихэд зовоож байна. Тэрбээр шоронд сууж байхдаа хүртэл улсыхаа хамгийн алдартай улстөрч байсан бөгөөд дараагийн сонгуульд нэр дэвших боломжгүй нь илт байсан юм.  Сонгуулийн талаар Бразилийн шүүхийн байгууллага 2018 онд Силваг нэр дэвшиж болохгүй гэж зарласны дараа түүний рейтинг 37 хувь байхад Болсонаругийнх 22 хувьтай байжээ. Хоёр дахь үед тэрээр мөн л өрсөлдөгчөө амархан давах байлаа.

Одоо тэрээр сонгуульд нэр дэвших эрхтэй болсон. Олон нийтийн санал асуулгаар тэрбээр одоогийн ерөнхийлөгчтэй өрсөлдвөл 5 хувиар илүү санал авахаар байна. Одоогийн эрх баригчид, тэдний ивээн тэтгэгчдэд санаа зовох зүйл бий. Тэгэхээр Лулагийн шүүх хурал ингээд дуусахгүй л болов уу. Түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэж нэлээн дээд түвшинд яригдах байх. Энэ оролдлогод цэрэг арми бас оролцох л болов уу.

АНУ-д засаг солигдсон нь Бразилийн улс төрд ихээхэн нөлөөлнө. Магадгүй энэ нь ялыг дахиж авч үзэхэд чухал нөлөө болсон байж болох юм. Жаир Болсонару нь Латин Америк дахь Дональд Трампын гол түншлэгч байсан. Тиймээс Цагаан ордны шинэ удирдлагууд Бразилийн ерөнхийлөгчид илт дуртай биш. Өмнө нь барууны хэвлэлийхэн Силвагийн эсрэг буруутгалыг дэмжиж байсан бол одоо 2022 онд болох сонгуульд нэр дэвших хоёр хүний хооронд ширүүн тулаан болох талаар үе үе бичиж байна. Иймэрхүү байдал нийгмийг талцуулна гэж үзэж байна.  The Time сэтгүүлийн үзэж буйгаар энэ нь Америкийн олон аналитикийн айж байсан Дональд Трамп, Берни Сандерс нарын тулаантай эн тэнцэхүйц болно гэж зүйрлэж байна.

Мэдээж Бразилийн улс төрийн хагарал Оросын санааг зовоохгүй байхын аргагүй. БРИКС-ийн түншүүд гэдгээ мартаж болохгүй. Цагтаа БРИКС-ийг Лулу “Дэлхийн улс төрийн томоохон ололт” гэж нэрлэж байсан бол Болсонару шүүмжилж байсан юм. Гэхдээ “Бразилийн Трамп” улс орноо БРИКС-ээс гаргах эсвэл хязгаарлах болов уу гэж байсан нь үгүй байж таарсан. Харин ч Бразилийн ерөнхийлөгчийн оролцоо их үр дүнтэй болж, шинэ ерөнхийлөгчийн байр суурь илүү прагматик болсон юм. Тиймээс америкчуудаас ялгаатай нь оросууд Бразилийн дотоод улс төрд оролцож, хэн нэгний талд тоглох утгагүй. Тэндхийн дотоод байдлыг хангах үүднээс иймэрхүү гадны нөлөөлөлд саад болох учиртай. Гаднаас нөлөөлөх гэж оролдох л болов уу.

Эх сурвалж: www.ria.ru