З.БАТЦЭЦЭГ 

Шинжаан-Уйгурын Өөртөө засах орны хөвөн тариалангийн талбайд уйгур-мусульманчуудыг албадан ажиллуулж байгаад дургүйцлээ илэрхийлснээр Nike, H&M брэндүүд Хятадын Засгийн газар болон ард иргэдтэй нь зөрчилдөхөд хүрээд байна. Энэ тухай 3 дугаар сарын 25-нд ВВС мэдээллээ.

Хятадын Pinduoduo, JD.com, Tmall зэрэг сайт H&M-ийн бараануудыг каталогоосоо хасаад байна. Хятадын коммунист залуучуудын холбооноос Nike, H&M компанийг ташаа мэдээлэл тараасан гэж буруутгасан байна. Алдартай хүмүүс мөн гэрээгээ цуцалжээ.

Өнгөрсөн жил эдгээр компани бие биесээ үл хамааран, уйгурчуудаар хүчээр хөвөн түүлгэж байгаа мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр компани Хятадаас хөвөн худалдаж авахаа больж байгаагаа зарласан билээ.

“Ташаа мэдээлэл тараан, Хятадаас хөвөн худалдаж авахаас татгалзсан мөртлөө Хятадад мөнгө хийх гэж оролдсоор байна уу? Ямар сонирхолтой үзэл бодол вэ” гэж Хятадын коммунист залуучуудын холбооны төлөөлөгчид 3 дугаар сарын 24-нд Weibo сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. Үүний дараа хятадын нийгэм энэ асуудлыг эргэн харж Nike, H&M брэндийн бүтээгдэхүүнийг бойкотлож эхэлжээ.

Оросын REGNUM агентлагийн мэдээлснээр, Шинжаан-Уйгурын Өөртөө засах орноос Америк руу зарим нэр төрлийн бараа оруулахыг Вашингтон хоригложээ. Хориглосон бараанд компьютерийн эд анги, зарим төрлийн хөвөн бүтээгдэхүүн багтсан байна. АНУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, энэ нь Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотой Бээжинд шахалт үзүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ юм.

Эх сурвалж: REGNUM