З.БАТЦЭЦЭГ
Ширээний голд Олег Павлович сууж байна. “Хаанаас ирсэн?” –“Запорожье”. -“Хэдэн настай вэ?”. -“23”. -“Цэргийн алба?”. -“Ямар цэргийн алба. Би Оросын иргэн. Гэхдээ Украйнд өссөн. Хаана, хаана ч байхгүй”. -“Юу хийж байсан?”. -“ Би цахилгаан гагнуурчин, чанарын албаны шалгагч, цахилгаан нуман зуухны тохируулагч... Гэтэл Табаков инээж эхэлсэн гэж жүжигчин Александр Горбатов дурсаж байна.
-Бүгд “Дүнсгэр мөрөн” сериалыг их удаан хүлээсэн. Гуравдугаар сарын 3-нд нээлтээ хийгээд, одоо нэгдүгээр сувгаар гарч байгаа. Та гол дүр Прохор Громовт тоглосон. Яаж энэ дүрийг авсан бэ?
-Би “Варгазея” кинонд тоглож байсан. Зураг авалтын 3 билүү 4 дэх өдөр продюсер Денис Евстигнеев ирсэн. Хоёулаа юм яриад зогсож байтал гэнэт надаас “Бид 5 жил “Дүнсгэр мөрөнг” хийх гэж бичиж байна. Чи тоглох уу?” гэж асуусан. “Ямар дүрд?”. “Прохор Громов. Сонирхож байна уу?”. “Сонирхож байна”. Тэгээд хоёулаа гар бариад салсан. Энэ зураг авалтаас жилийн өмнө болсон явдал.
-Людмила Чурсина, Георгий Епифанцев нарын тоглосон эхний хувилбарыг үзсэн үү? Ийм хүмүүстэй өрсөлдөх аюултай биш үү?
-Үзсэн. Гэхдээ хүүхэд байхдаа, 12 настайдаа. Чононоос айж байвал, ой бүү яв гэдэг биз дээ. Бид тэр киног давж гаръя, өрсөлдье гэсэн зорилго байгаагүй. Гол дүр нь Нарны хот, мөрөөдлийн хотоо байгуулдаг. Мөрөөдлөө биелүүлэх гэж явахдаа араатан шиг болж хувирдаг нь бол өөр түүх.
-Тоглоход хэцүү байв уу?
-Жингээ хасах хэцүү байсан. Прохорын залуу дүрд хувирахдаа 110 кг байж болохгүй шүү дээ. Үүний өмнө би Серега Лихолетовын “Бүрхэг” кинонд афганы дүрд тоглосон. Тэнд би том биетэй, биерхүү байх ёстой байсан юм. Тэгээд би яаралтайгаар жингээ хасаж, нүүрс уснаас татгалзан, өдөрт 2 удаа спортоор хичээллэсэн. Жингээ 87кг хүртэл хассан.
-Яагаад заавал таныг гол дүрд сонгосон юм бол? Та хоёрт ижил төстэй зүйл бий юу?
-Тийм болов уу. Хүүхэд байхдаа би Украйны, Запорожьед амьдардаг байсан. ЗХУ тарж бутарсны дараа зарим нэг нь баяжиж, зарим нь ядуурсан. Би жирийн гэр бүлээс гаралтай, мөнгөө төлж, боловсрол хэзээ ч эзэмшиж чадахгүй гэж бодсон. Би залуудаа цахилгаан гагнуурчин, чанарын албаны шалгагч, цахилгаан нуман зуухны тохируулагч гэх ажил хийж байсан. Энэ чигээрээ ийм ажил хийдэг болох вий дээ гэж айж байсан. Тэр чигээрээ үйлдвэрт үлдээд архичин болчих вий дээ гэж. Гэхдээ би үүндээ харамсдаггүй, хуучин туршлагаасаа олон зүйлийг одоогийн мэргэжилдээ ашигладаг. Гэхдээ Запорожьед үлдсэн бол юу болох байсныг төсөөлөхгүй байна. Манай боксын заалны дасгалжуулагч их ухаантай, амьдрал үзсэн хүн байсан. Тэр надад “Чи романтик хүн. Энд сурч үзэх юмаа бүгдийг нь сурсан. Одоо өөр замаа ол” гэдэг байсан. Би түүнд итгэж байсан ч хаашаа явахаа мэддэггүй байлаа.
Би төмөр хайлшны үйлдвэрт ажилд орсон. Металл хайлуулдаг. Хайлахад 6500 градус, гарахдаа 4500 градус. Хортой нөхцөлийн I зэрэглэл. Долоон хүн ажиллах ёстой байтал бид мөнгө их авах гээд дөрвүүлээ ажилладаг. Энэ мөнгөөрөө ээж, эмээ, найз бүсгүйгээ тэжээдэг байлаа. Найз бүсгүй минь надаас 13 насаар эгчмэд. Сайхан бүсгүй. Тэр л намайг эмэгтэй хүнийг тэжээх хэрэгтэй гэдгийг ойлгуулсан. Би түүний төлөө хичээж байсан. Түүнд их хайртай байсан. Гэхдээ хичнээн би хичээсэн ч надад сайн биш, намайг ашиглаж байгааг мэддэг байсан. Хэцүү байсан ч, их зүйл бодоход хүргэсэн. Надад Запорожьед үлдэх шалтгаан байгаагүй. Үйлдвэр дээрээ ирээд халагдахаар шийдсэн. Явах, очих газар үгүй. Ямар ч байсан хотод үлдэхгүй гэдгээ мэдэж байсан. “Дүнсгэр мөрөн”-д Прохор хэлдэг “Надад энд давчуухан байна” гэж. Би түүнийг сайн ойлгож байна. Учир нь надад бас өөрийн хотод давчуухан байсан. Прохор хэлдэг “Эрийн цээнд хүрлээ. Газрын зах хязгаарыг үзье. Бичээд байгаа Япон, Америк чинь үнэхээр байдаг юм уу? Биднийг худлаа хуурч байвал яах уу? Энэнээс цаашаа газар үгүй бол яах уу?”. Прохор Громов бол мөрөөдөгч, өөрийн өмнөх амьдарлаас гаран цаашаа явахыг хүсдэг.
-Явахаасаа айгаагүй юу?
-Намайг явсны дараа ээж, эмээ хоёр өнгөрчих вий гэж айж байсан. Би энийг мэдэрч байсан. Яг л тийм юм болсон. Манай ээж дандаа хэлдэг байсан “Битгий зөр, одоо алдаж байгаа юм шиг байвч, үнэний араас, мөрөөдлийхөө араас яв” гэж. Тэр намайг эр хүн шиг өсгөсөн. Эмээ намайг ээж шиг минь л хайрладаг, би ч эмээдээ их хайртай байсан. Намайг жаахан байхад аав ээж салсан. Миний гэр бүл бол зөвхөн эмээ, ээж. Би гэртээ эрэгтэй нь, өрхийн тэргүүн гэдгээ эрт ойлгосон. Намайг зах дээр сармис зарах гэж зогсооход тийм мэдрэмж анх төрсөн байх. Үүнээс өмнө эмээтэйгээ зах дээр тахиа, сармис зардаг байлаа. Дараа нь ганцаараа зардаг болсон. Би зах дээр 12 настайдаа валют хүртэл зарж байлаа. Надаас нэлээн олон насаар ах Гарик надад валютын зах зээлийн анхны ойлголтыг өгсөн. Намайг 16-17 настай байхад гудамжинд ээжийн минь нэхий дээлийг шууд тайлаад дээрэмдсэн юм. Таньдаг хүн надад хэлж байна “Хэн тэгсэнийг нь мэднэ” гэж. Тэгээд бид хоолны газар юм идээд сууж байхад нь очоод, би шууд чихнээс нь мушгиад “дахиж тэгэх юм бол чихийг чинь тасдана шүү” гэж хэлээд нэхий дээлээ аваад гарч байсан юм. Би тэгэхэд ерөөсөө айгаагүй. 16 настайдаа хэн хүчтэй нь ялдаг гэдгийг ойлгосон байсан юм.
-Таны амьдрал “Бүрхэг” кинонд тоглохоос өмнө бүрхэг байжээ?
-Ер нь бол “Бүрхэг” чинь Запорожье, Екатеринбург гэх мэт ямар ч мужийн хотын тухай. Зах хязгаарт хаана ч “бүрхэг”. Тэнд авъяастай хэрнээ үрэгдэж үгүй болж буй залуус их олон. Зарим нь хар тамхичин, зарим нь хоригдсон. Манай Запорожьед ярьдаг байсан “19 хүрчээд суугаагүй бол зүгээрээ чамайг удахгүй суулгана аа” гэж. Шалтгаан нь? Хамаагүй. Нэг сагс өндөг хулгайлсаны төлөө ч. Намайг бокс үүнээс аварсан. 13 настайдаа зодуулснаасаа хойш хичээллэж эхэлсэн. Ямар ч эрэгтэй хүүхэд хариугаа авахыг хүснэ. Би бокст маш хурдан амжилт гаргаж эхэлсэн. Улам ноцтой зодоонд оролцдог болсон. Тэгээд бүр амьдрах сонирхолгүй, утгагүй, эргэн тойронд хүчилтөрөгч байхгүй юм шиг санагдах болсон. Ер нь бол цагаа олж тэндээс явсан гэж боддог.
-Хаашаа явсан вэ?
-Ступинод, нагац ахындаа. Тэр намайг арай гэж хүлээж авахыг зөвшөөрөөд, ажил олж өгсөн. Үнэгүй тэжээхгүй гэж. Би нэг цехийн барилга дээр, Волгаградаас ирсэн залуустай хамт ажиллаж, амьдардаг байсан. Ажлыхаа хажуугаар их сургуульд орох гэж бэлдээд. Өргөгч краны дор хаалтын хавтан хийж зогсохдоо дуу, шүлгээ цээжилж байлаа. Тэд над руу тэнэг хүн л гэж хардаг. Тэд ойлгодоггүй байсан. Би тэдэнд театрын сургуульд бэлдэж байгаагаа хэлж чадахгүй байсан юм.
-Яагаад заавал театрын? Өөр их сургуулиуд зөндөө бий. Эсвэл чамд чи царайлаг, бараг 2 м өндөртэй, гитар сайн тоглодог юм чинь гэж хэлсэн үү?
-Манай хамаатнууд дурсаж ярьдаг юм. Чамайг хоёр дахь үеэл чинь авъяас байна театрын сургуульд үзвэл яасын гэж хэлсэн гэдэг. Гэхдээ энэ шийдвэрлэх санал байгаагүй. Би 23 настай, техникумын оройн анги төгссөн, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй. Би зүрх сэтгэлийн дуудлагаар гэж ярьж болно л доо. Гэхдээ театрын сургууль бол над шиг мөнгөгүй, суурь боловсролгүй, тэгээд жаахан чадварлаг хүн орох цорын ганц сургууль байсан. Энэ “бүрхэг” байдлаас гарах боломж.
Би гурван сургуульд шалгуулсан. “Щук” /Борис Щукины нэрэмжит театрын институт/-д ирсэн бүх хүүхдүүд ээж, аавтайгаа ирсэн, чичрээд зогсож байсан. Би тэгж сандрахыг ойлгодоггүй, шууд чигээрээ. Эхний үе шатнаас нэг багш намайг шууд хассаны дараа сандарч эхэлсэн. Одоо бодоход гадаад төрхөөс болсон юм билээ. Сонин харагдаж байсан. Өөрийгөө яаж эвтэйхэн харуулахаа мэдэхгүй, хамгийн гоё гэсэн бүхнээ л өмссөн. Би супермоодны жийнс, пүүз, гялазсан футболка өмсөөд, надад гоё гэж санагдсан алчуур хүзүүгээрээ ороосон. Би Симферополийн галт тэрэгний үйлчлэгч шиг л харагдаж байсан. Симферопольд ирэхэд зүгээр мөнгөн бөгж, гинжтэй. Москвад галт тэрэг ирэхэд нөгөөх чинь дүүрэн алт, ээмэг, бөгж, зүүлт. Яагаад? Бүх хүмүүст юугаар ч дутагдахгүй, сайхан амьдарч байгаагаа харуулах гэж. Би бас яг тэгсэн. Би өрөвдөлтэй харагдахгүй гэж хичээсэн ч, тэнэг харагдаж байсан. Москвад ямар байдгийг би мэдэхгүй шдээ.
Щук-д тэнцэхээ болимогцоо МХАТ-д очсон. Ирсэн чинь, 9 эмэгтэй, би ганцаараа. Ганган хээнцэр охид. Брусникиныхан шалгалт аваад сууж байнаа. Өөрийгөө танилцуулаад, шүлгээ уншаарай л гэж байна. Хармсыг уншлаа. Баярлалаа гэж хайнга дуугарахыг сонсоод гарлаа. Гэтэл гэнэт миний өмнө цэнхэр нүдэн Табаков өөрөө гараад ирлээ шүү. Наанаа зогсож бай л гэнэ. Би байдгаараа инээсэн зогсож байлаа. Хаалга онгойгоод, намайг дахиад ороод ир гэнэ. Орсон чинь, Брусникиныхан эелдэг болсон байна. Ширээний голд Олег Павлович сууж байна. “Хаанаас ирсэн?” –“Запорожье”. -“Хэдэн настай вэ?”. -“23”. -“Цэргийн алба?”. -“Ямар цэргийн алба. Би Оросын иргэн. Гэхдээ Украйнд өссөн. Хаана, хаана ч байхгүй”. -“Юу хийж байсан?”. -“ Би цахилгаан гагнуурчин, чанарын албаны шалгагч, цахилгаан нуман зуухны тохируулагч, хар металлын инженерийн ангийг төгсөөгүй”. Гэтэл Табаков инээж эхэллээ. “Чи юу уншсан юм?” гэж асууж байна. “Хармс”. “За, танай хотод юу байдаг вэ?”. Би түүнд хотыхоо талаар ярьж өглөө. “Эмээ чинь Крымээс гаралтай гэл үү?”. Тийм ээ гээд л би ч Крымын тухай ярьж гарлаа. Тэр их удаан сонсож байснаа “Юу ч уншаад хэрэггүй. Гадаа гараад хүлээж бай”. Гараад хүлээж байтал нэг бүсгүй гарч ирээд “Та шууд конкурст орсон” гэдэг байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? гэвэл. Хэдэн шат алгасаад, 2,3 дугаар шалгаруулалтад орохгүй гэсэн үг. Би бөөн аз жаргал гартал, надтай хамт Щук-аас хасагдсан охин шатан дээр инээчихсэн гүйж явна. Яг Шурикт гардаг шиг. Гэтэл нөгөөх чинь “Би Щук-ийн 2 дахь шалгаруулалтад орохоор болсон” гэж ярилаа. Арга олоод дахиад шалгуулж болох байсан юм байж. Би ч бас тийшээ очтол хоёр долоо хоногийн дараа дахиад ирээд шалгуулаарай гэж байна. Тэгээд Ступинод жүжиглэх урлагийн багш хайж эхэлсэн дээ.
Щук-д сурч байгаад, дараа нь Ступинод дугуйлан ажиллуулдаг нэг ахыг оллоо. Тэр надад “Эр хүнд тохирсон материал ол, хүн шиг хувцасла. Гоё ганган байх албагүй. Костюм, цамц, гутал өмс” хэллээ. Би нагац эгчтэйгээ костюм, гутал худалдаж аваад. Цамц, жилет ахаасаа аваад өмслөө. Ер нь өөрчлөлт хийсэн гэсэн үг. Шалгалтыг Нина Дворжецкая авч байсан юм. Уншаад эхэлтэл гэнэт түүний ер бусын ногоон нүдийг харлаа. Тэгэхэд би шууд ойлгосон. Миний багш энэ байна, зөвхөн энэ хүний л шавь болмоор байна гэж. Тэгээд Табаков, ГИТИС бүгд үгүй. ГИТИС-ийн багш Геннадий Назаров намайг бараг гараас хөтлөн, ийм өндөр хүн, бүгд ангайна даа гээд. ГИТИС-ийн шалгалтыг Каменькович авч байсан юм. Намайг дуул гэсэн чинь бүх дууныхаа үгийг мартчихсан. Цорын ганц санаж байсан дуу “Сектор газа” хамтлагийн “Ядрена вошь”. Дууллаа. Энэ дууг сонсоод Каменьковичийн шил нь уначихваа. Тэрээр “Хүлээж байгаарай. Таны зохиосон дуу юу?”. Би “Үгүй ээ, Сектор газа хамтлагийх”. Тэрээр Назаров руу чи хэнийг аваад ирэв ээ гэсэн байдалтай харав. Тэгээд дараа нь “Ямар нэг юм дүрслэн үзүүл дээ” гэв. Би барилга дээр ажиллаж байсан юм чин дрель үзүүллээ. “Тра-та-та-та-та”. Тэрээр “Их буу юм уу?”. Би “Үгүй ээ, дрель”. “Яагаад дрель чинь савчаад байгаа юм?”. “Хятадых болохоор”. “Яагаад дуугарахаа больчихов?”. “Эвдэрчихлээ”. Бид хөхрөлдөөд. Би түүнд таалагдсан.
-Тэгэхээр та сургуульд бүгдэд нь тэнцсэн байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ би Щук-ийг, Нина Дворжецкаяг сонгосон. Тэнцсэний дараа долоо хоног ангайсан юм л явсан. Би өөдрөг үзэлтэй ч, хаа сайгүй асуудалтай тулгарч байдагтаа дассан байсан. Гэтэл энэ удаа бөөн аз жаргал. Тэс өөр ертөнц. Миний кинон дээр харж байсан хүмүүс хажууд. Би Хогвартсд ирсэн Харри Поттер шиг л байсан. Дараа нь хөөгдчих вий гэсэн айдаст автсан. Би солиотой юм шиг, зогсохгүй сурч байсан. Нэгдүгээр курс төгсөхийн алдад тэсэхээ байгаад нэг шөнө сайхан зугаалаад, өглөө нь босч чаддаггүй, шалгалтандаа очиж чадаагүй. Курсийхэн бүгд сандраад, ийм юм байх боломжгүй гээд. Азаар гайгүй өнгөрсөн...
-Таныг Вахтанговын театрын тайзнаа байхыг хараад ээж нь юу гэж хэлсэн бэ?
-Ээж 2013 онд намайг оюутан байхад өнгөрсөн. Тэгээд дараа нь Украйнд асуудал үүсээд. Би Крымд зураг авалтанд оролцсон гээд намайг эх орон руу минь орох эрхийг хассан. Эмээтэйгээ утсаар салах ёс хийсэн.....Тэр үед хажууд нь байсан хүмүүст баярлалаа.
-Та оюутан байхдаа л кинонд тоглож эхэлсэн. Таны анхны гол дүр Сергей Урсулякийн “Дөлгөөн Дон”. Тэр таныг яаж анзаарсан юм бол?
-Тохиолдол. Намайг туслах дүрд авсан. Би пробд ирхэд, Урсуляк сууж байсан. Түүний ард ханан дээр “Надад казак өвөг дээдсийхээ талаар битгий яриарай” гэсэн бичиг наалттай байлаа. Түүн дээр пробд ирж байгаа хүн бүр таалагдахын тулд казак удамтай гэж ярьдаг байж.
-Таньд казак удам бий юу?
-Ээжийн тал тэр чигээрээ казакууд. Манай ээжийн овог Ведмиденко. Урсуляк шууд асуусан. “Зохиолыг нь уншсан уу? Хэний дүрд тогломоор байна?”. Би “Аксиньягийн нөхөр Степан Астаховд” гэлээ. “Яагаад?”. “Надад энэ дүр их хүчтэй дүр шиг санагддаг. Хуучин Герасимовын хийснээс тэс өөр”. “Тийм үү? Алив ярилцъя”. Бид сайхан ярилцсан. Тэр хэлж байна “Энэ том дүр. Чи жүжигчин хүний хувьд жижигхэн байна. Хүнийхээ хувьд биш, жүжигчнийхээ хувьд”. Би “Надад томрох боломж олгооч” гэсэн.
-Та их дипломатч хүн юм аа?
-Би зах дээр өссөн. Тиймээс сандардаггүй...Тэгээд л бид салсан. Дараа нь намайг ахиад дуудахаар нь бас туслах дүр гэж бодсон. Гэвч Урсуляк “Астаховд тоглох уу?” гэж асуухад нь “Асуудалгүй” гэж хариулсан.
-“Дөлгөөн Доны” дараа Урсуляк таныг мартаагүй. Дараагийхаа “Бүрхэг” кинонд тоглуулсан. “Дүнсгэр мөрөн”-ий найруулагч Юрий Мороз бас таныг мартаагүй “Содержанка-3” кинондоо тоглуулсан нь удахгүй Старт Онлайн кино театрт гарна. Маш богинохон хугацаанд та олон сайхан кинонд тогложээ. “Годунов”, “Луу тамгын нууц”, “Анна Каренина”, “Ржев”, “Мурка”, “Нислэг” болон бусад кино. Өөр олон одоо хийгдэж байгаа киноны гол дүрүүд. Карьерыг ингэж хөгжүүлэхийн тулд зөвхөн карьертаа л анхаарлаа хандуулах уу?
-Үгүй. Карьер, кино хамгийн чухал биш. Би хаанаас гаралтай, хаашаа явж байгаагаа сайн мэднэ.
-Юу руу?
-Гэр бүл рүү. Гэр бүлээс бусад нь юу ч биш. Би сайхан эхнэр, охинтой. Би өөр хүүхэдтэй болмоор байна. Багадаа дөрөв. Ертөнц кино, театраар хязгаарлагдахгүй. Би энэ мэргэжлээ хийж чадахгүй бол айх зүйлгүй. Надад төрөлх хотдоо өөрийгөө илэрхийлэх боломж олдоогүй, би явсан. Хэрвээ энэ хотод, энэ мэргэжилд өөрийгөө илэрхийлэх боломж олгохгүй бол би хүссэн зүйлээ хийх газар руу явна. Би сургамж авсан.
-Та эхнэр Викториятайгаа хаана танилцсан бэ?
-Би түүнийг Вика, Ика, Викос гэж дууддаг. 2017 оны 12 дугаар сарын 24. Таньдаг хүнийхээ төрсөн өдрөөр. Вика бид хоёр зэрэгцэж сууж таараад, юм яриад эхэлсэн дээ. Гол нь миний өмнө жинхэнэ эмэгтэй байсан. Би чинь хашааны банхар. Язгууртныг олж авах боломжгүй, язгууртнаараа төрдөг.
-Анхны харцаар дурласан уу?
-Яг ч тийм биш ээ. Би тэр үед гэнэн байхаа больсон байсан. Гэхдээ би соронз шиг татагдаж байсан: хүмүүжил, найдвартай итгэл даахаар, ирээдүйтэй, үнэнч. Тэр юу ч боллоо гэсэн хүүхдээ тэврээд намайг дагаад ертөнцийн төгсгөл хүртэл ганц дотоожтойгоо ч явж чадах хүн. Би энэ чанарыг нь их үнэлж, хайрладаг.
-Гүрж эхнэр гэдэг онцгой байх аа. Царайлгаас гадна?
-Энэ яг чача шиг. Уугаад сууж байхдаа зүгээр, дараа нь босож чадахгүй.
-Та хоёр Батумигийн сүмд гэрлэсэн. Их гоё бас хариуцлагатай. Олон хүн ийм алхам хийхээс айдаг. Гэнэт салах болбол яана?
-Би орноос ор руу үсэрч амьдрахгүй. Дахиж өөр хүнтэй гэрлэх бодолгүй байна. Хүмүүс салахыг би мэднэ. Өөрсдөд ч тэр, хүүхдүүдэд ч тэр энэ бол амаргүй асуудал. Би энэ бүсгүйгээс хүүхэдтэй болохыг хүссэн. Тэгээд манай Мира төрсөн. Викаг төрөх эмнэлэгт хэвтүүлчихээд найзуудтайгаа сууж байгаад харих санаатай байлаа. Хотын захад. Гадаа гартал мессеж ирж байна. Нээгээд үзтэл өлгийтэй хүүхэд. Би сэтгэл хөдлөөд, хүнд харагдахгүй нулимс унагаад авсаан. Аз жаргалын нулимс гэж би мэддэггүй байсан. Дараа нь гомдол, цөхрөлийг мэдэрсэн...Ээж, эмээ минь үүнийг харсангүй, би тэдэндээ охиныхоо зургийг үзүүлж чадахгүй нь гэж уйлсан. Гэхдээ охинтой болсондоо баяртай байгаа. Миний хүүхэд, тэдний минь үргэлжлэл, миний үргэлжлэл. Би том гэр бүлтэй болно. Учир нь амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл, хүүхэд. Гэр бүлгүй бол чи хоосон.
Эх сурвалж: www.7dn.ru