Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын халдвараараа дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын халдварын тоо есөн долоо хоногийн турш буурч байсан бол өнгөрсөн долоо хоногт 394 мянга гаруй хүн халдвар авч дахин таван хувиар өслөө. Тодруулбал, тус улсын 50 мужаас 30 мужид нь гуравдугаар сарын 21-нд бүртгэгдсэн халдвар өмнөх долоо хоногоос нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.

Үндэсний хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол нэгдүгээр сараас буурах хандлагатай байсан ч  халдвар хамгааллын дэглэмийг зөрчвөл халдвар дахин нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхаарууллаа. Түүнчлэн шинэ хувилбарын вирус тус улсад хурдацтай тархаж байна. Энэ талаар АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Рошелле “Яг одоо бид зөв арга хэмжээ авахгүй бол Европын улсууд шиг нөхцөл байдалд хүрэх вий гэхээс би эмээж байна. Үүнээс сэргийлэхийн тулд вакцинжуулалтыг хурдасгах шаардлагатай” гэв.

Мөн халдвараар нас барах эрсдэл тус улсад өнгөрсөн долоо хоногт 15 хувиар буурсан юм. Халдвар дахин дэгдсэн ч вакцинжуулалт өвчин хүндэрч,нас барах эрсдэлээс сэргийлж чадна гэдэгт эрүүл мэндийн ажилтнууд итгэлтэй байна. АНУ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2.5 сая хүнийг вакцинд хамруулсан юм. Ингэснээр тус улсын иргэдийн 25 орчим хувь нь вакцины эхний тундаа хамрагдаад байна. Өнөөдрийн байдлаар АНУ-д 30 сая гаруй хүн халдвар авч, 555 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters