Б.ДОЛЖИНЖАВ

Албан тушаалаасаа бууснаас хойш удаан хугацааны турш чимээгүй байсан АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп  олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн албан ёсны платформтой  болж байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Тодруулбал, Трампын зөвлөхөөр олон жил ажилласан Жэйсон Миллер “Трамп 2-3  сарын дараагаас олон нийтийн сүлжээндээ эргэн ирнэ. Ингэхдээ  хэдэн арван сая хэрэглэгчийг татах өөрийн гэсэн  шинэ платформтой болно. Энэ бол олон нийтийн сүлжээн дах хамгийн халуун “тасалбар” байх юм.  Олон сая хүн Дональд Трамп өөрийн гэсэн платформтой болж юу хийхийг тэсэн ядан хүлээж байгаа болов уу. Тиймээс экс ерөнхийлөгч олон компанитай уулзаж, шинэ платформ дээрээ хамтран ажиллаж байна” гэж  “Fox News”-т өчигдөр ярьжээ.

Вашингтонд нэгдүгээр сарын 06-нд болсон халдлагатай холбогдуулан түүний Twitter, Facebook хаягаа ашиглах эрхийг хориглож байснаас үүдэн ийм шийдвэр гаргасан хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: CNN