Х.ОЮУНБОЛД

 

Хамелеонууд удаан хугацааны турш байгаль орчиндоо зохицож өнгөө хурдан хувиргаж чаддаг. Энэ нь хроматофор гэж нэрлэдэг эсүүдийг агуулдаг пигменттэй холбоотой гэж ярьсаар ирсэн. Гэхдээ саяхан өнгөө хувиргах үйл явц болон үүнд гүйцэтгэх үүрэг нь их төвөгтэй болохыг тогтоожээ. Түүнээс гадна нанокристалл гэж нэрлэдэг бүтэц нь гол үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан байна. Хэвлээр мөлхөгч амьтдын арьсны тунгалаг давхаргын дор шар өнгийн пигменттэй ксантофор эсүүдээс бүрдсэн эхний давхарга байдаг. Түүнээс жаахан доор улаан өнгийг агуулсан эритрофорас эсүүд, цэнхэр өнгөтэй иридофорас эсүүдээс бүрдсэн давхарга байдаг бол хамгийн сүүлд бор өнгөтэй меланофорас гэдэг давхарга байдаг аж. Мөн хроматофорос пигмент нь цитоплазм дахь эсүүдэд чөлөөтэй байдаггүй. Харин эсрэгээрээ жижиг бөмбөлөг дотор байдаг. Тиймээс тэр эсүүд ямар нэг өнгө ялгаруулдаггүй шалтгааныг үүнтэй холбон тайлбарлаж болно.

Энэ пигментүүд нь мэдрэлийн системтэй холбоотой. Ялангуяа, цусны эргэлтээр дамжин ирдэг тодорхой химийн бодисуудыг мэдрэмтгий байдаг аж. Харин зохих дохио тэмдэг ирэхэд эсүүдийг агуулсан бөмбөлөг пигментүүдийг гадагшлуулахаас гадна өнгөнүүд эсүүдээр дамжин тархах боломж бүрдсэнээр хамелеон өнгөө өөрчилж чаддаг байна. Энэ нь хэвлээр мөлхөгч амьтдыг будгаар будахтай адилхан аж. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь бусад хроматофорт нөлөөлсөн тохиолдолд өөр өнгөтэй болдог байна. Тухайлбал, улаан болон шар өнгө давамгайлбал улбар шаргал өнгөтэй болдог аж. Мөн химийн энэ үйл явцаас гадна хамелеонууд өөр шинэ өнгө гаргаж чаддаг байна.

Хамелеоны өөр хэлбэр, хэмжээ, зохион байгуулалттай тунгалаг олон нанокристаллаар бүрдсэн эсүүд нь фотоник талстын үүргийг гүйцэтгэдэг аж. Мөн нанокристаллууд нь уртын хувьд өөр хоорондоо ялгаатай янз бүрийн долгионыг тусгах шинжтэй байдаг. Тухайлбал, мөлхөгч амьтан тайван байгаа бол богино долгионы хөх гэрлийг ялгаруулдаг. Хэрэв түгшүүртэй байгаа тохиолдолд талстууд сарниж урт долгионы гэрэл буюу шар, улбар шар, улаан өнгийг ялгаруулдаг байна. Хэвлээр мөлхөгч амьтдын арьсны өнгө хувирдаг нь гадаргуу дээрх пигментүүдийн эсүүдэд туссан гэрлийн нэгдэл болон давхаргын гүнд байгаа эсүүдийн нанокристаллд туссан гэрэл аж. Мөн хроматофор эсийн хувирал нь энэ амьтны сэтгэл санааны байдал, хүрээлэн байгаа орчин, цаг уурын байдлаас хамаардаг аж. Тайван байгаа үед цайвар ногоон, хостой болохыг зорьж байгаа бол арьсных нь өнгө гялалзсан алтлаг шар болдог байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.18 ПҮРЭВ № 52 (6523)