Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Төлөөлөгчпийн танхим цар тахлын үед иргэддээ тусламж үзүүлэх 1.9 тэрбум ам долларын багцын төсөлд лхагва гаригт санал хураалаа. Бүгд найрамдах намын нэг ч гишүүн зөвшөөрсөн хариу өгсөнгүйгээс гадна Ардчилсан намын нэг гишүүн эсрэг санал өгчээ.  Гэхдээ шинэ Засаг захиргааны төлөөлөгчдийн болон сенатын танхимд хоёуланд нь Ардчилсан намынхан олонх учир тусламжийн багцыг баталлаа. Цагаан ордны хэвлэлийн газрын нарийн бичгийн дарга Жен Псаки Ерөнхийлөгч Жо Байден дээрх тусламжийн багцад пүрэв гаригийн орой  гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. 

Дээрх 1.9 тэрбум ам долларын тусламжийн багцад нэг хүнд 1400 ам доллар ногдох бөгөөд өрхийн 90 хувьд нь бэлэн мөнгө олгох, ажилгүйдлийн тэтгэмжийг долоо хоног бүр 300 ам доллараар нэмэгдүүлэх,  оюутнуудыг танхимаар хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэх, жижиг бизнесүүдийг дэмжих, вакцины судалгаа, хөгжүүлэлт, нийлүүлэлтийг дэмжих гэсэн ажилд  зарцуулах нэг тэрбум ам долларын төсөв багтсан юм. Мөн хүнсний тэтгэмжийн дүнг 15 хувиар нэмж, бага орлоготой иргэдийг түрээсээ төлөхөд нь тусалж, хөдөө орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад 8.5 тэрбум ам доллар  олгох юм.

Үүнийг Ардчилсан намынхан доройтсон эдийн засгаа сэргээхэд зайлшгүй үзүүлэх ёстой төрийн үүрэг хэмээн үзэж байна. Харин сөрөг хүчнийхэн хүслийн жагсаалт хэмээн шүүмжилж, өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй юм.

Жилийн 80 мянган ам доллараас их цалинтай иргэн, 160 мянган доллараас өндөр цалинтай хосууд гэсэн долоон сая гэр бүл энэ хөнгөлөлтөд хамрагдахгүй.Тусламжаа хурдан үзүүлж, иргэдийнхээ амьжиргааг дэмжихгүй бол гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд 11.4 сая хүн ажлаа алдана гэсэн судалгааг “The Century Foundation” байгууллага гаргажээ. АНУ-д өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас хойш 9.5 сая хүн ажилгүй болоод байна.

 Эх сурвалж:CNN