Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн "Perseverance"  робот Ангараг  гариг дээр  пүрэв гаригт амжилттай газардан, тус гаригийн гадаргуугийн зургийг дарсныг баасан гаригт олон нийтэд танилцууллаа. Энэ нь дэлхийгээс өөр гариг дээр робот станц бууж байгааг ойроос харуулсан хамгийн анхны гэрэл зураг юм.Робот  энэ сарын 19-нд /Улаанбаатарын цагаар 04:55 цагт/ Ангараг дээр газарджээ.

Энэ тухай "Perseverance"  роботын Twitter хуудсанд “Ангараг гариг дээр буухаасаа өмнө дарсан зургаа та бүхэнд илгээлээ. Манай багийнхны олон жилийн турш мөрөөдсөн хүсэл биеллээ” гэж бичжээ. Улаан нүдэн гаригийн гадаргуу дээр буухаасаа хэдхэн секундын өмнө авсан энэ зургийг уян холбоосоор станцыг доош буулгаж байсан “Sky crane” буюу тэнгэрийн өргөгч дээр байрлуулсан камераас авсан байна.  

"Гаригийн ийм төрхийг бид өмнө нь харж байгаагүй"

Энэ тухай роботыг бүтээсэн ахлах инженер Адам Стелцнер “Ангараг гаригийн гадаргуу дээр робот амжилттай газардаж чадсанд манай багийнхан баяр хөөрөөр бялхаж, сэтгэл ихэд догдолж байна. Гаригийн ийм төрхийг бид өмнө нь харж байгаагүй. Дээрх зургийг гаригаас 700 километрийн зайнаас дарсан. Хүн төрөлхтөний төлөөх төсөлдөө  их хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг энэ үйл явдал нотолж байна. Бид  одон орон болон нарны аймгуудын талаар гүнзгий судалж  өөр нэг гайхамшигтай дүр зургаар цуглуулгаа баяжуулж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Ангараг гаригийн гадаргууг харуулсан анхны хар, цагаан зургийг пүрэв гаригт харуулсан бол баасан гаригт улаан өнгийн гадаргуу бүхий өнгөт зургийг нийтэд танилцуулсан юм.

Ангараг гаригийн гадаргуу дээрх чулуунуудыг роботын дугуйтай харьцуулахад жижигхэн байсан аж. Энэ тухай “Би чулуунд хайртай. Миний дугуйны хажууд байгаа чулуунуудыг хараачээ. Галт уулынх эсвэл тунамал чулуу юу. Энэ бүхэн юу хэлж байна вэ. Үүний учрыг олохыг хүлээж тэсэхгүй нь” хэмээн роботны твиттер хуудсанд бичжээ. Робот Ангараг гаригийн гадаргуу дээр хэвийн, маш сайн ажилласаныг онцолжээ.

НАСА энэ долоо хоногт Ангарагийн тойрог замд байгаа сансрын хөлгийн зургаан камераар буулгасан илүү олон сонирхолтой дүрс бичлэг, гэрэл зураг, аудио бичлэгийг олон нийтэд сонирхуулахаар төлөвлөжээ. Үүнд “Perseverance” хөлөг тус гариг дээр хэрхэн газардсаныг эхнээс нь дуустал харах бичлэг багтсан байна. Робот дараагийн хоёр жилд тус гариг дээрх эртний нуурын ёроолд ажиллаж дээж цуглуулан,  Ангараг гариг дээр өмнө нь амьдрал байсан эсэхийг судлах юм. Ингэхдээ гадаргуу дээрх чулуулгийг нарийвчлан шинжлэх аж.

Эх сурвалж:CNN