Б.ДОЛЖИНЖАВ

 

Хойд Солонгос АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компанийн вакцин үйлдвэрлэх технологийг хулгайлах гэж оролдсон хэмээн Өмнөд Солонгосын Тагнуулын алба үзэж байгаа талаар “Yonhap” агентлаг мэдээллээ. Гэхдээ яг ямар мэдээлэл хулгайлсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.Тус эмийн компани руу Хойд Солонгосоос халдсан гэдгийг Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын агентлаг баталж, эрх баригчдадаа мэдээлсэн байна.

 

Мөн “Microsoft” компани Pfizer тэргүүтэй хамгийн багадаа есөн эрүүл мэндийн байгууллага Хойд Солонгос болон ОХУ-ын Засгийн газрын цахим халдлагад өртсөн хэмээн арваннэгдүгээр сард мэдээлж байсан. Ингэхдээ “Олон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн ч зарим нь халдлага нь амжилттай болсон. Үүнд Хойд Солонгосын “Zinc”, “Cerium”, Оросын “Fancy Bear” хуурамч нэртэй бүлэглэлүүд хариуцлага хүлээх ёстой” гэсэн юм. Кремлийн зүгээс бусад орны вакцины судалгаа руу халдсан гэдэг дээрх мэдээллийг няцаасан билээ.

 

Энэ жилээс улс орнууд вакцины талаарх мэдээллээ бүрэн хамгаалтад авахад анхааран ажиллаж байна. Цар тахал эхэлсэн цагаас хойш төрийн мэдээллийн байгууллагууд хакерчдын эсрэг тэмцэж байна. Учир нь хакерчдын зарим нь тагнуулын мэдээлэл цуглуулж, зарим нь оюуны өмчийн бүтээлийг хулгайлан давуу тал олж авахаар зүтгэж эхэлсэн юм. Энэ талбарт цаг ямагт хамгийн идэвхтэй байдаг улс нь Хойд Солонгос билээ. Тус улс хаалттай,хатуу захиргаатай нийгэмтэй ч мөнгөний төлөө бусад улс орны нууц мэдээллийг хулгайлах кибер гэмт хэрэг сайн хөгжсөн орон юм.

 

Хойд Солонгост өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Учир нь халдвар Хятадад бүртгэгдэж эхлэхэд нэгдүгээр сарын сүүлээр тус улс хилээ хаасан. Гэхдээ Хойд Солонгос AstraZeneca вакцинаас ирэх долоо хоногт хоёр сая тунг хүлээн авахаар болсон юм.

 

Эх сурвалж:BBC