Б.ДОЛЖИНЖАВ

Баяр ёслолын өдрүүдээрх хамгийн эрэлттэй хүнсний нэг нь өндөг юм. Сүүлийн жилүүдэд жирийн үед ч өдөр болгон хоёр өндөг идэхийг эрүүл мэндийн ажилтнууд зөвлөх болжээ. Тиймээс энэ удаа өндөг хүний биед үнэхээр сайн эсвэл муу нөлөөтэй эсэх талаарх мэдээллийг хүргэж байна.

Харвардын их сургуулийн эрдэмтэд өнгөрсөн жил 215 мянган хүнийг хамруулсан судалгаа хийхэд өдөрт  нэг өндөг идэх нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдгийг баталж чадаагүй. Мөн 500 мянган хүнийг хамруулсан шинэ судалгаагаар өдөрт нэг өндөгний шарыг идэх нь зүрх судасны өвчин, хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Түүнчлэн өдөрт нэг өндөг идэх нь нас барах эрсдэлийг долоон хувь нэмэгдүүлсэн талаар  “PLOS Medicine” анагаах ухааны сэтгүүл мягмар гаригийн  дугаартаа нийтэлжээ.Гэвч судалгааны энэ үр дүнд  мэргэжилтнүүд эргэлзэж байна.

Лондонгийн их сургуулийн зүрх судасны зөвлөх эмч Рияз Пател “Өндөг хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар олон жил судалгаа хийсэн ч өнөөдрийг хүртэл тогтсон дүгнэлтэд хүрч чадсангүй. Учир нь олон төрлийн судалгаа гарснаас зарим нь өндөг эрүүл мэндэд өндөр үр нөлөөтэй гэсэн бол зарим нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж мэдээлсээр байна.  “PLOS Medicine” анагаах ухааны сэтгүүлийн судалгаа олон хүнийг хамарсан ч дээрх маргааныг улам нэмэгдүүллээ” гэж ярилаа.

Харин Харвардын анагаах ухааны сургуулийн тархвар судлал, хоол тэжээлийн доктор, профессор Валтер Виллет “Дээрх судалгаа их эргэлзээтэй. Учир нь хүмүүсээс өндөгнийх нь хэрэглээний талаар асууснаас бус өндөг хэрэглэснээр тэдний эрүүл мэндийн байдал хэрхэн өөрчлөгдсөнийг судлаагүй” гэв.

Шотландын Глазго их сургуулийн нийтийн эрүүл мэндийн хоол тэжээлийн ахлах багш Ада Гарсиа “Судалгааны дүгнэлт хэт дэвэргэсэн байна. Учир нь дан ганц өндөг идэх нь зүрх судасны өвлөлийг нэмэгдүүлдэг гэсэн нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бусад эрүүл мэндийн дэглэмүүдийн үр ашгийг бууруулж болзошгүй” гэсэн юм.

Өндөг нь долоон грамм уураг, таван грамм өөх тос, 1.6 грамм ханасан тос, төмөр, витамин гэсэн олон төрлийн эрдэс бодис агуулдаг. Тиймээс кето буюу нүүрс усны хэрэглээгээ багасгахыг хүссэн хүмүүс өндөгийг хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Гэхдээ өндөгний шар нь 185 миллграмм холестерин агуулдаг нь хамгийн их асуудал дагуулдаг. Учир нь холестерины хэмжээ хэтэрч, биед хуримтлагдвал зүрх өвдөх эрсдэлтэй. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өдөрт 300 миллграмм холестерин хэрэглэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Тухайлбал, загас холестериноор баялаг боловч Омега-3 агуулсан учир эрүүл мэндэд асар их тустай.

Харин цөцгийн тос, сүүн бүтээгдэхүүн, амьтнаас гаргаж авсан ханасан өөх тос нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлэхэд хамгийн их нөлөөлдөг. Энэ тухай Харвардын анагаах ухааны сургуулийн тархвар судлал, хоол тэжээлийн доктор, профессор Валтер Виллет “Хэрэв хэн нэгэн өндөгийг сахар, ханасан өөх тос, гурилан бүтээгдэхүүнээр орлуулдаг бол өндөг идэх нь илүү сайн. Гэхдээ эрүүл мэндэдээ илүү их анхаарахыг хүсч байгаа бол самар, овъёос гэсэн уургаар баялаг,  ургамлын гаралтай хүнс хэрэглэх нь зөв. Өндөгийг бүр хүнснээсээ хасч хэрэггүй. Харин долоо хоногт хоёр өндөг идэх нь одоог хүртэл хамгийн сайн зөвлөмж хэвээрээ байна” гэв. Харвардын их сургуулийн 2020 онд хийсэн судалгаагаар өндөгний хэт их хэрэглээ нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байгааг илрүүлсэн юм.

Эх сурвалж:BBC