Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийнхэн төрийн эрхийг гартаа авсныг эсэргүүцсэн хэдэн мянган иргэний жагсаал Мьянмар улсын хамгийн том хотод ням гаригт хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Ардчиллын төлөө үндэсний лиг намын тэргүүлэгч Аун Сан Су Чигийн намын туг барьж, улаан хувцсаар жигдэрсэн жагсагчид “Бид цэргийн дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчиллыг хүсч байна” хэмээн төв талбайдаа цугларан хашгирчээ. Армийнхан интернэт болон утасны сүлжээг бямба гаригт хааснаар олныг хамарсан энэ жагсаал эхэлсэн юм. “Аль хэдийнэ интернэтийн сүлжээг хаачихсан. Тэдний эрх мэдэл хэтэрвэл боловсрол, эрүүл мэндэд аюул учруулах болно. Тиймээс үүнийг одоо зогсоох ёстой” гэж 1980-аад оны сүүлээр ардчиллын төлөөх жагсаалд оролцож байхдаа баривчлагдаж байсан 57 настай иргэн ярилаа. Харин найзуудынхаа хамт ирсэн 22 настай залуу “Бид төрийн эргэлтийг зөвшөөрч чадахгүй. Энэ бол бидний ирээдүй. Тиймээс тэмцэх ёстой” гэв. Харин НҮБ-ын Мьянмар дахь төлөөлөгч Томас Эндрюс “Цэргийнхэн төрийн эрхийг авснаас хойш 160 гаруй хүнийг баривчилсан. Тэд интернэтийн сүлжээг хааж, хотын хөдөлгөөнийг хянаж, гадаад орчноос иргэдийг тусгаарлахыг зорьж байна. Яг ийм аюулд орсон үед нь бид Мьянмар иргэдийн төлөө тэмцэх ёстой” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn