Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын шинэ засаг захиргаа Тайвань улстай дотно харилцаатай байхаа мэдэгдсэний дараа Хятадын эрх баригчид Тайвань Бээжингийн харьяанаас гарч, тусгаар тогтнохыг оролдож байгаа  нь дайн зарлаж буйтай адил гэдгийг анхааруулсан хүчтэй мэдэгдэл хийлээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Үй Цянь “Тайвань улс тусгаар тогтнох талаар эрчимтэй ярьж эхэллээ. Галаар тоглосон хүн өөрийгөө шатаадаг гэсэн үг бий. Тайвань тусгаар тогтноно гэдэг нь дайн зарлаж буйтай адил” гэж өчигдөр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Харин Тайванийн батлан хамгаалах салбарыг дэмжин ажиллахаа зарлаад байсан АНУ-ын Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жонн Кирби “Тайванийн харилцааны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх бидний зорилготой нийцэхгүй мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Тайваньтай үүсгэсэн хурцадмал харилцаанд сөргөлдөх шалтгаан байхгүй” гэж өчигдөр мэдэгдсэн юм. Америкийн шинэ Засаг захиргааны зүгээс Хонгконг, Тайвань гэсэн улсуудтай холбоотой асуудал, хүний эрх, худалдааны дайнтай холбоотойгоор Хятадад үзүүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, хоёр орны харилцаа дордох төлөвтэй байна.

Мэдэгдлээс хэд хоногийн өмнө Бээжин арлын ойролцоо байлдааны онгоцуудаа илгээж, цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байсан юм. Энэ тухай Үй Цянь “Тайванийн хоолойд үүссэн өнөөгийн аюулгүй байдлын нөхцөлийг шийдвэрлэх, үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхээ хангахад чиглэсэн залшгүй арга хэмжээг авна” гэсэн юм. Хятад ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн салан тусгаарласан муж гэж үздэг бол Тайвань улс өөрсдийгөө бүрэн эрхт улс хэмээн үздэг юм.

Шанхай дахь тусгай сурвалжлагч Робин Брантын дүн шинжилгээ

-Хятадын эрх баригчид дайны тухай ярианаас зайлсхийхийг хичээж, өөрсдийгөө энх тайвныг эрхэмлэгч орон хэмээн онцолдог. Орчин үеийн Тайвань иргэний дайны үр дүнд бүрэлдсэн. 1949 онд болсон Хятадын иргэний дайны дараа Хятад болон Тайванийн Засгийн газар хоёр хуваагдсан билээ. Гэсэн ч Бээжин урт хугацааны туршид Тайванийн олон улсын харилцааг хязгаарлахыг хичээсээр ирсэн. Ши Жиньпиний удирдаж буй Хятад улс  Тайванийг урвагч муж хэмээн нэрлэж, салан тусгаарлахаас нь урьдчилан сэргийлэхэд цэргийн хүчээ ашиглана гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Харин дайнд заналхийлэх нь цэргийн хамгаалалтаас илүү аймаар зүйл юм. Гэхдээ цэргийн үйл ажиллагаагаар тухайн хоёр орон болон холбоотнуудын хооронд дайн гарах албагүй.

Тайванийн салан тусгаарласан муж гэсэн статус  нь Бээжингийн хувьд Хонгконгийг бодвол дотоод асуудал нь юм. Тайванийг цөөн хэдэн улс тусгаар тогтносон хэмээн хүлээн зөвшөөрдөг ч  ардчилсан Засгийн газар нь олон оронтой арилжааны болон албан бус харилцаатай байдаг. Үүний адил, АНУ ч Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй. Гэхдээ Тайванийн харилцааны тухай хуулиар Америк Тайванийг ямар нэгэн дайралтад өртсөн тохиолдолд батлан хамгаалахын зэвсгээр хангана гэдгээ амласан юм. Тиймээс Тайвань халдлагад өртвөл энэ нь Америкийн  ноцтой асуудал  болох юм.

Эх сурвалж:BBC