Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын эсрэг хэд хэдэн вакциныг улс орнууд үйлдвэрлэж, өөрийн иргэдээ хэдийнэ хамруулж эхэлсэн. Хүн амын вакцинжуулалтаараа Европтоо тэргүүлж байгаа Английн COVID-19 эсрэг “Novavax” вакцин шинэ хувилбарын эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн анхны вакцин болсныг өнөөдөр зарлалаа. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон “Маш сайн мэдээ байна. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг зөвшөөрөл олговол, 60 сая тунг үйлдвэрлэж, энэ оны хоёрдугаар хагас гэхэд түгээхэд бэлэн” гэлээ.

“Novavax” компани сүүлийн шатандаа 18-84 насны 15 мянган хүнийг хамруулахад 89.3 хувийн үр дүн үзүүлжээ. Туршилтад хамрагдсан хүмүүсийн 27 хувь нь 65-аас дээш насныхан байна. Энэ талаар “Novavax”-ийн гүйцэтгэх захирал Стэн Эрк “Туршилтын үр дүн бидний төсөөлсөн хэмжээнд хүрсэн. Хурдацтай тархаж буй шинэ төрлийн эсрэг үр дүн үзүүлсэн нь том ололт юм. Вакцины үйлдвэр гурваас дөрөвдүгээр сарын хооронд ашиглалтад орно. Энэ үед зөвшөөрлөө авчихсан байна гэдэгт итгэлтэй байна” гэж ярьжээ.

Англи улс өнөөдрийн байдлаар AstraZeneca, Pfizer, Moderna гэсэн гурван вакцинд яаралтай ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. Тэд хоёрдугаар сарын дунд үе гэхэд дөрвөн бүлгийн 15 сая иргэнийг вакцины эхний тунд хамруулахаар төлөвлөөд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 7.4 сая нь вакцины эхний тундаа хамрагджээ.

Эх сурвалж: BBC