Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 халдвар авсан иргэн гэртээ өөрийгөө тусгаарлавал 500 фунт олгох саналыг Английн сайд нарын зөвлөл хэлэлцжээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас тусгаарлагдах хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд ийм зөвлөмж боловсруулаад байсан юм. Халдварын тархалтыг зогсоохын тулд иргэд нь гэрийн дэглэм баримтлахгүй байгаа тул энэ шийдвэрийг хурдан гаргахыг Засгийн газар мэдэгдэв.

Гэвч энэ дэмжлэг нь өөрийгөө тусгаарлаж чадахгүй байгаа  бага орлоготой иргэдэд хүрэлцэхгүй байх вий гэсэн айдас байна.

Англи халдвар авсан иргэн өөрийгөө тусгаарлана гэсэн хуулийг өнгөрсөн есдүгээр сард баталсан билээ. Ингэхдээ гэрээс ажиллах боломжгүй, бага орлоготой иргэдийг төрөөс 500 фунтаар санхүүжүүлэх шийдвэрийг эрх баригчид гаргасан юм. Гэтэл үүний дараа төлбөрийн нэхэмжлэлийг буцаах нь эрс нэмэгджээ. Тухайлбал, арваас арванхоёрдугаар сарын хооронд 49877 өргөдөл хүлээн авснаас дөрөвний гурвыг нь буцаасан байна. Энэ талаар Байгаль орчны нарийн бичгийн дарга Жорж Эстис “Санхүүгийн хувьд эмзэг, гэрээсээ ажиллах шаардлагатай хүмүүсийн хувьд өөрийгөө тусгаарлах нь том сорилт болж байна” гэжээ.

Шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 18 хувь нь өөрсдийгөө 10 хоног тусгаарлах шаардлагатай байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс “Засгийн газраас хүмүүсийг тусгаарлахад олгож байгаа дэмжлэг нь эрх баригчдын цар тахлын эсрэг стратегийн сул тал юм. Харин тусгаарлалтыг дагаж мөрдөх дадалыг хүмүүстээ суулгаж, чанартай вакцинд хамруулах хэрэгтэй. Тахлын хүнд хэцүү үед өөрийгөө хамгаалж, гэртээ үлдэж эрүүл мэндээ хамгаалах нь хүн бүрийн үүрэг” хэмээн профессор Сюзан Мичи ярьжээ. Хэвлэлийн төлөөлөгчийн ярьж байгаагаар бага орлоготой иргэдийг гэртээ тусгаарлахад нь зориулж 20 сая фунт зарцуулсан байна.

Эх сурвалж:BBC