Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден маргааш тангарагаа өргөнө. Тиймээс  хуучин Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Анх сонгогдон гарч ирсэн цагаасаа дэлхий нийтийн анхаарлын төвд байж, хэлсэн үг, гишгэсэн мөр бүртээ маргаан дагуулсаар Трамп дөрвөн жилийг өнгөрөөжээ. Луйвардсан, саналыг буруу тоолсон гэсэн шалтгаанаар энэ удаагийн сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй гүрийсэн. Үр дүнд нь дэмжигчид нь  энэ сарын 6-нд бослого гарган, Конгрессын байр руу дайрч орсон. Энэ дуулиант үймээнийг Америк хэрхэн шийдвэрлэхийг дэлхий нийтээрээ чих тавин хүлээсэн. Эцэст нь Трамп эрх мэдлээ тайван замаар шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн юм.  Түүнийг хугацаанаас нь өмнө огцруулах гэсэн оролдлогыг сөрөг хүчнийхэн төдийгүй өөрийнх нь намынх гишүүд хоёр ч удаа хийсэн. Ингэснээр хоёр удаа импичмент зарлуулсан АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч болсон билээ.
Ийн эрхэм ерөнхийлөгчийн Цагаан ордондоо тухлах сүүлийн өдөр нь өнөөдөр. Тэгвэл   тэрээр албан тушаалаасаа буух хамгийн сүүлийн өдрөө 100 орчим хүнд өршөөл үзүүлэхээр бэлтгэж байгаа тухай түүний ойрын гурван хүн “CNN”-д ярьжээ. Түүний өршөөлөөр суллагдах хүмүүст алдартай реппер, цагаан захтай гэмт хэрэгтнүүд болон бусад хүн багтсан байна. Цагаан ордныхон ням гаригт уулзаж, өршөөлөөр суллах хүмүүсийн жагсаалтыг баталсан гэж эх сурвалжууд ярив. Ерөнхийлөгч Трамп бослогод дэмжигчдээ уриалсан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тэгвэл үймээнд оролцож, баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэхгүй байхыг ойрын зөвлөхүүд нь түүнд санал болгосон байна. Тухайлбал, сенатч Линдсей Грэм “Бослогод оролцсон хүмүүст өршөөл үзүүлэхийг олон хүн ерөнхийлөгчид уриалсан. Гэвч тэдэнд өршөөл үзүүлэх нь буруу зүйл” гэж ням гаригт “Fox News”-т ярьжээ. Ийн АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч ажлаа шилжүүлэх сүүлийн өдрөө ямар шийдвэр гаргахыг бүх нийтээрээ хүлээх л үлдлээ. 
 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)