З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын ард иргэдэд хамгийн их хүртээмжтэй байгаа вакцин бол “Спутник V”. Гэхдээ Засгийн газраас нь удахгүй сонголт ихтэй болно гэж хэлж байна. ОХУ-д 1,5 сая хүн Ковид-19 эсрэг вакцинд хамрагдаад байна. “Вектор” төвийн вакцин туршилтын шатандаа явж байгаа ба удахгүй Чумаковын төвийн вакцин туршилтаа эхэлнэ. Хоёрдугаар сараас эхлээд гадаадын вакцин хийлгэж болно. Тэд ямар ялгаатай вэ? Алийг нь хийлгэсэн дээр бол?

2020 оны 12 дугаар сарын эхээр вакцинжуулалт эхлэхэд вакцин хийлгэх үү, үгүй юу гэдэг асуулт оросуудын өмнө тулгарсан юм. Москвад үнэхээр олныг хамарсан болж чадсан. Янз бүрийн салбарт ажилладаг хүмүүс мөн 60 дээш насныхан хамрагдсан. Бусад хотод тийм өргөн хүрээтэй хамрагдаж чадахгүй байгаа ч Засгийн газрыхны хэлснээр вакцинжуулалт үргэлжилж байгаа гэв. Одоогоор зөвхөн “Спутник V” вакцин хийгдэж байгаа.

Оросууд уг вакциндаа итгэх итгэл бага байгаа юм. “Левада төв”-ийн санал асуулгаар 58% нь үнэгүй гэсэн ч хийлгэхэд бэлэн биш гэсэн байна. Вакцины талаар интернетээр идэвхтэй хэлэлцэн, эсрэг биетийн талаар, вакцин хоорондын ялгаа, давуу талаар их ярьж байна. Олон хүн гадаадын Pfizer, Moderna, AstraZeneca компанийн вакцин хийлгэхэд бэлэн гэж бичиж байна.

Pfizer вакциныг Оросод хийлгэж болох уу?

Pfizer, Moderna компанийн РНХ-вакцин Оросод бүртгэгдээгүй. Ойрын хугацаанд бүртгэгдэхгүй байх. Pfizer компани 2021 онд АНУ, Европ, Канад, Япон улс нэг тэрбум тунгийн захиалга авсан байгаа билээ.

РНК вакцин нь урьд нь зөвхөн мал эмнэлэгт ашиглаж байсан шинэ технологиор хийгдсэн. Хүн дээр өмнө нь нэг ч РНХ-вакцин хийхийг зөвшөөрч байгаагүй. Уг вакцин нь бүтцээрээ ДНХ-тай төстэй- РНХ матрицан вирусын молекул агуулсан. Эс рүү ороод вирусын уургийг үйлдвэрлэж эхэлдэг. Яг түүн дээр саармагжуулах эсрэг бие үүсдэг.

Moderna энэ жил 600 сая тун гаргах төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ жил ганцхан АНУ л гэхэд 200 сая тун захиалсан, дахиад 300 сая тун захиалж магадгүй байна. Үйлдвэрлэлийн явцад гэнэтийн тохиолдол гарч болзошгүй байдаг. Жишээ нь технологийн алдаанаас болж 400 мянган тун устгасан. Тэгэхээр бусад орон удаан хүлээх болох нь.

Хэрвээ АНУ, Европын холбооны захиалгыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй харьцуулбал ойрын жилүүдэд зөвхөн энэ зах зээлийг л хангах хүчин чадалтай. Урьдчилж захиалсан зарим оронд цөөн тоогоор нийлүүлж болно. ОХУ захиалсан улсын тоонд байхгүй.

Гэвч Москвагийн “Сколковод” орших Израйлийн эмнэлэг “Хадасса” энэ вакциныг худалдаж авах арга олжээ. Эмнэлгийн зүгээс мэдэгдэхдээ, вакцин авах талаар хэлэлцээ хийгдэж байгаа, вакцин хийлгэх хүлээлгийн жагсаалт нээгдсэн гэв. Pfizer, Moderna компанийн вакциныг 2021 оны 2 дугаар сард оруулж ирэх юм байна.

“Клиник судалгааны хүрээлэн “Хадасса Москва” нь коронавирусын вакцин судлалын хэд хэдэн Америк компанитай хэлэлцээ хийж байгаа. Эхлээд уг судалгааг ЭМЯ ОХУ-ын нутаг дэвсгэр дээр зөвшөөрөх, дараа нь үүнд “Хадасса” оролцохыг зөвшөөрөх. Зөвхөн үүний дараа судалгааг эхэлж болно. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал 2 дугаар сарын сүүлээр туршилтаа эхэлнэ” гэж хүрээлэнгээс мэдэгджээ.

“Хадасса” уг судалгаа нь плацебо (хоосон) хяналттай сохор судалгаа байх эсэх талаар тодруулж хэлсэнгүй. Хэрвээ уг вакцин судалгаа нь бусад судалгаатай ижил зарчмаар явагдвал хүлээлгийн жагсаалтанд байгаа хүмүүст плацебо оногдож болно. Тэд бүртгүүлсэн хүний тоо, оруулж ирэхээр төлөвлөж байгаа тун хэмжээний талаар ВВС-д хэлэхээс татгалзлаа.

Судалгаанд оролцоход төлбөртэй байх уу? гэж ВВС-ийн сурвалжлагч мессенжерээр асуухад “Одоогоор ийм мэдээлэл алга байна, гэхдээ вакцин төлбөртэй хийгдэх байх гэж бодож байна” гэж эмнэлгийн захиргаанаас хариуллаа. Хэдхэн минутын дараа “Одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл алга байна” гэж бичжээ.

Pfizer даваа гарагт 1 дүгээр сарын 11нд зөвхөн Засгийн газартай нь гэрээ хийсэн улсуудад вакцин илгээнэ гэж мэдэгдлээ. Ийм гэрээгүйгээр Израйлийн салбар “Хадасса” хувийн эмнэлгээр дамжуулан ОХУ руу вакцин илгээж боломжгүй.

“Дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарт тулгараад байгаа томоохон хямралыг даван туулахын тулд манай компани одоогийн байдлаар вакциныг зөвхөн гэрээ хийсэн улсад нийлүүлнэ. Уг гэрээ багадаа 2021 оныг дуустал хүчинтэй” гэж “Интерфакс”-т Pfizer компанийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Мягмар гарагт “Интерфакс” эмийн компани, төрийн байгууллагуудаас авсан мэдээгээр Pfizer вакциныг ОХУ худалдаж авах талаар ямар ч төлөвлөгөө байхгүй гэж мэдээлжээ.

Мягмар гарагт ВВС-д текст мэдээ мөн Pfizer компанийн албан ёсны мэдэгдэл гарсны дараа “Хадасса” эмнэлгийн хэвлэлийн албанаас ВВС-тэй холбогдон Pfizer, Moderna компанийн вакциныг худалдаж авах талаар ярьж байгаа болохоос судалгааны талаар яриагүй гэж хэлжээ. Мөн эмнэлгийн зүгээс Pfizer компаний олон улсын тохиролцоогүйгээр (тэр дундаа “Хадасса” эмнэлгээр) вакцин оруулах боломжгүй гэсэн албан ёсны мэдэгдэлд тайлбар хийхээс татгалзсан ба вакцин хийх урьдчилсан үнээ хэлэхийг хүссэнгүй.

Уг эмнэлэг нь бусад Америкийн үйлдвэрлэлийн өөр зөвшөөрлөө аваагүй байгаа вакцинуудад судалгаа хийх бодолтой байгаагаа хэлсэн. Энэ ямар вакцин болох, хэн судалгааг захиалсан, яаж явагдах талаар “Хадасса”хэлсэнгүй. “Хэрвээ бүх юм амжиллтай явагдвал 3 дугаар сарын эхээр судалгааг эхэлнэ” хэмээн эмнэлгийн ажилтан Игорь Утяшев хэлжээ. Уг судалгаанд сайн дураараа үнэгүй оролцож болох юм байна.

Яагаад ОХУ-ын нутаг дэвсгэр дээр бүртгэлгүй барууны вакциныг заавал хийх гээд байгаа юм бол? Хэргийн учир нь уг эмнэлэг онцгой эрхтэй бүсэд оршдог. Энэ бүсэд байгаа эмнэлэгүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт бүртгэгдээгүй ч, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын улс орнуудад бүртгэгдсэн эмийг хэрэглэж болдог. Pfizer одоогоор Англи, ЕХ, Мексик, Сингапур, Канад, АНУ-д батлагдсан. Түрүү долоо хоногт ДЭМБ-ийн яаралтай тусламжийн гэрчилгээг авсан. Moderna АНУ (яаралтай тусламжийн гэрчилгээ), ЕХ, Англи, Канад, Израйльд батлагдсан.

ВВС-ийн Орос дахь алба оросын ЭМЯ-наас судалгааны хүрээнд гадаад вакцин хийлгэхэд бэлэн үү гэж асуусан, хариугаа хүлээж байна.

AstraZeneca боломжтой юу?

Онолын хувьд Оросод өөр нэгэн гадаад вакцин болох Оксфордын Их Сургууль, AstraZeneca нарын хамтарсан вакцин хийж болно. Энэ вакцин нь “Спутник V”-ийн адил аденовирусны вектор дээр суурилан хийсэн.

Оросод уг вакцины олон улсын туршилтын нэг хэсгийг явуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар AstraZeneca-тай Оросын “Р-Фарм” гэрээ хийсэн. Гэвч энэ судалгаа одоохондоо зогссон байгаа. Клиник туршилтын улсын бүртгэлд судалгаа 8 дугаар сарын 21-нээс эхлэн 12 дугаар сарын 31 хүртэл явагдана гэж бүртгэгджээ. Оросын үйлдвэрлэлтэй хийсэн гэрээ зөвхөн гадаад зах зээлийн үйлдвэрлэлтэй холбоотой гэж The Bell хэлжээ.

AstraZeneca вакцин туршилтын үед алдаа гаргаснаас болж уг вакцинд итгэх итгэл жаахан буурсан билээ. Туршилтын үеэр зарим хүнд протоколын дагуу 2 ижил тун хийлгүй, 1,5 хийсэн байж. Урьдчилсан байдлаар эдгээр хүнд илүү үр дүнтэй байсан байна. протоколд тусгагдсан хоёр тунгийн хамгаалалтын түвшин 62% байгаа нь Pfizer, Moderna-аас (90%) хамаагүй бага байгаа юм. “Спутник V” үр дүн нь мөн 90% дээш байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн вакцины хөрөнгө оруулагч Оросын шууд хөрөнгө оруулалтын газрын хэвлэлээр л баталсан юм.

12 дугаар сарын дунд үед AstraZeneca, “Спутник V”-ийн зохион бүтээгчидтэй хамтарч ажиллах саналыг хүлээж авсан гэв. Хамтарч ажилласан бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа. “Спутник V”-ийн хувьд энэ нь гадаадад итгэл олж авах боломж юм. “Спутник V”-г Аргентин, Алжир, Боливи, Серб, Беларусьд хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. AstraZeneca-ийн хувьд вакциныхаа үр дүнгийн хувийг өсгөх боломж юм.

“Спутник V” түүний хөнгөн хувилбар

Оросод хамгийн алдартай, их тархсан вакцин бол “Спутник V”. Энэ удаан хугацаанд үргэлжлэх байх. Түүний хөнгөвчилсөн хувилбар болох 2 биш 1 тариа туршилтаа эхлээд байна. Туршилтад одоогоор ердөө 150 хүн ороод байгаа. Хоёр тун 91,4% үр дүнтэй гэж зарлагдсан бол хөнгөн хувилбар нь 85% үр дүн үзүүлэх байх гэсэн урьдчилсан таамаглал байна.

“Спутник V” нь 2 үе шаттай: хоёр дахь тунг эхний тун хийлгэснээс хойш 3 долоо хоногийн дараа хийгддэг. Хоёр дахь тун үйлдвэрлэлтэд асуудал үүссэн гэж Медуза хэвлэл мэдээллээ.

“Хөнгөн хувилбар нь өвчний давалгааг багасгаж, ялангуяа хоёр тунг шууд хийх боломжгүй үед нас баралтын тоог бууруулна” гэж Гамалей төвийн захирал Александр Гинцбург хэллээ. Эхний тунгаа хийлгэсэн хүн дараа нь өөрөө хүсвэл хоёр дахь тунгаа хийлгэж болно гэж тэрээр нэмж хэлжээ.

Гинцбургийн хэлснээр ийм хувилбарын вакцин нь залуу хүмүүст илүү үр дүнтэй. Харин ахмад настнуудад хамгаалалтын үр дүн ямар байхыг ажиглах хэрэгтэй. 40-50 дээш насныхан хоёр тун хийлгэх хэрэгтэй, учир нь тариулсан тоо хамгаалах хугацаанд нөлөөлдөг гэлээ.

“Спутник V” яаж үйлчилдэг вэ? Вакцин нь хүний аденовирусын бүрхүүлээс тогтддог. Үүнд нь коронавирусын нэг уургийг таньдаг ген суулгасан байгаа. AstraZeneca-аас ялгаатай нь Орос вакцин хоёр өөр аденовирусын вектор агуулдаг.

Одоогийн байдлаар “Спутник V” нь Оросод олон хүнийг хамруулсан цорын ганц вакцин юм. Нэгдүгээр сарын 20-ны үеэр “Спутник V” нь ДЭМБ-аас яаралтай тусламжийн үед хэрэглэх зөвшөөрөл авах шинжээчдийн зөвлөгөөн болно гэж нэгдүгээр сарын 10-нд ОХУ-ын ЭМЯ-ны зөвлөх Сергей Глаголев хэллээ. Вакцины баримт бичгийг 12 дугаар сарын сүүлээр ДЭМБ рүү илгээжээ. ВВС-тэй ярилцсан шинжээчийн хэлж байгаагаар энэ нь батлагдах магадлал өндөр. Гэхдээ уг вакцин нь барууны нормыг хангаж байгаа эсэх талаар олон асуултууд хэвээр үлдэх байх гэв.

Вакцины үр дүнгийн талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын газрын хэвлэлээр баталсан юм. Клиникийн туршилтын 3 дахь үе шатны “түүхий” өгөгдлийн талаар юу ч хэвлэгдээгүй. Эрдэм шинжилгээний сэтгүүлээс “Спутник V”-н аюулгүй байдлын талаар олж уншиж болно. Гэхдээ шинжлэх ухааны нийгэмлэгээс олон асуулт байгаа юм. Клиник туршилтын протокол хэвлэгдээгүй.

Үүнээс гадна “Спутник V”-г хоёр удаа тариулж болохгүй болов уу. Бусад аденовирусын векторт суурилж хийсэн бүх вакциныг мөн ялгаагүй. Учир нь векторт дархлаа тогтчихдог. Уг дархлаа нь давтан тун хийхэд хуурамчаар бүтсэн вирус эс рүү нэвтэрч, хэрэгтэй уургийг үйлдвэрлэхээс өмнө устгачихдаг.

“Ийм вакциныг байнга хийж болохгүй. Тиймээс “Спутник V” хоёр вектортой. Хүний бие хоёр дахь удаа хариу үйлдэл үзүүлэхгүй байж болно. Бидний хийж байгаа уургаас гадна векторын уурагт дархлаа тогтчихдог” гэж ВВС-д Сеченовын Их Сургуулийн микробиологи, вирус судлал, дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, ШУА-ын академич Виталий Зверев ярьжээ.

Клиник судалгаанд оролцсон сайн дурыхан мөн “Спутник V” вакцин хийлгэсэн хүмүүс эсрэг бие үүссэн шинжилгээний хариугаа “Телеграм”-ын группэд хуваалцаж байгаа. Тэндээс эсрэг биеийн талаар, хүйс, нас, гаж нөлөөний талаар олон баримтууд олж болно.

Оросын бусад вакцин

Новосибирскийн “Вектор” эрдэм шинжилгээний төвийн гаргасан пептидийн вакцин болох “ЭпиВакКорона”-ийн клиник туршилт 12 дугаар сарын 11-нд эхэлсэн. 18-60 насны 5000 сайн дурыхан мөн 60-аас дээш насны 180 хүн хамрагдаж байгаа. “Телеграм”-д мөн клиник туршилтад орж байгаа оролцогчдын групп бий.

“ЭпиВакКорона”- дэд нэгдлийн вакцин (вирусын нэгэн хэсэг эсвэл уургыг агуулдаг). Уургийн нэгэн хэсэг болох пептидыг хиймлээр синтезлэн гаргаж авсан. Үүнийг дархлын систем таньж, дархлааны хариу урвал тогтдог. Пептид нь тээгч уурагтай нийлэн, туслах бодисон дээр бэхлэгдсэн.

Пептид вакцины технологи нь шинэ ч, энэ төрлийн вакцин нь илүү аюулгүй, гаж нөлөө бараг байдаггүй. Тиймээс пептидын вакцин илүү тохиромжтой, ялангуяа өндөр настнуудад. Оросын хэрэглээний хяналтын газраас мэдэгдсэнээр 18-аас дээш насны 2194 сайн дурыхан, 60 дээш насны 150 хүн вакцин хийлгэсэн байгаа бөгөөд тэдэнд гаж нөлөө илрээгүй байна.

Оросын ЭМЯ-ны дарга нарын хэлснээр “ЭпиВакКорона” нь гумораль дархлааны хариу урвал тогтоодог ба эсрэг биетийн тоогоор хэмжиж болдог. Яаж энэ хариу урвал үүсдэг, ер нь үүсдэг эсэх талаар тодорхойгүй байна. “Телеграм”-д байгаа сайн дурын 1249 хүний хэн ч эсрэг бие үүссэн талаар юу ч бичээгүй байна. Зарим нэг сайн дурын оролцогч лабораторид очиж эсрэг биеийн шинжилгээ өгсөн боловч хариу нь сөрөг гарчээ.

12 дугаар сарын эхээр “Вектор” төвийхөн эсрэг биетийг тэдний өөрсдийн гаргасан тест системээр үнэлэх боломжтой гэв. Тэдний тайлбарласнаар “коронавирусын тодорхой нэг уурагт эсрэг бие илрүүлэх өндөр мэдрэмжтэй тест байх ёстой” гэв. Жирийн тест систем өндөр үр дүн үзүүлэхгүй учир нь тэд SARS-CoV-2-ийн бүх биед үүссэн эсрэг биеийг мэдэрдэг гэж “Вектор” төвийхөн тайлбарлав.

Чумаковын төвд хийж байгаа бас нэг өөр вакциныг “ЧуВак” (ганган залуу) гэж тоглоомоор нэрлэцгээж байна. Одоохондоо уг вакцин нь бүртгэгдээгүй, судалгааны II үедээ явж байгаа юм. Энэ вакцин хамгийн эртний сайн судлагдсан технологиор хийгдэж байгаа.

“Энэ бол вакцин судлалын 300 жилийн туршлага, дэлхийн вакцины 99%” гэж уг вакцин үйлдвэрлэлийн төвийн захирал Айдар Ишмухаметов хэллээ. “Манайд ямар ч насны хязгаар байхгүй. Уг вакцин нь зөөлөн, алгуур дархлаа тогтоодог. Огцом биш. Удаан хугацаагаар тогтох байх гэж найдаж байна” хэмээн тэрээр “Нэгдүгээр сувагт” өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Идэвхгүйжүүлсэн вакцины дутагдал нь дархлын хариу богино, эсрэг бие хурдан арилан дахин вакцин хийх шаардлага гардаг. Пептидын вакцинд ийм асуудал бас үүсэж магадгүй. Гэхдээ эдгээр вакциныг аденовирусын векторын вакцинтай харьцуулбал хэд хэдэн удаа хийлгэж болно.

Чумаковын төвийн вакцин 12 дугаар сард бүртгэгдэнэ гэж байсан боловч одоо 2 дугаар сард бүртгэгдэх төлөвлөгөөтэй байна. Ишмухаметовын хэлснээр, үйлдвэрлэлийн талбай бүтээх зорилгоор хугацаа хойшилсон гэв. “Бид тийм талбай байгуулсан. Манайх одоо 2 дугаар сараас тусдаа үйлдвэрлэлийн цех ажиллуулна. Гэхдээ бидний одоо бүрдүүлж байгаа бичиг баримтуудыг ЭМЯ баталбал шүү дээ” гэж тэрээр 12 дугаар сарын сүүлчээр хэлсэн юм.

 Хятад вакцинууд

Бас нэгэн вакциныг Хятадын Sinovac Biotech компани хийж байгаа. Идэвхгүйжүүлсэн вакциныг анх хийж эхэлсэн компани ба урьдчилсан байдлаар 86% үр дүнтэй гэж нийтлэгдсэн ба 99% нь эсрэг бие үүссэн байна. Ноцтой гаж нөлөө илрээгүй. Уг вакцин Оросын зах зээлд ирэх эсэх талаар тодорхойгүй байна.

11 дүгээр сард ОХУ “Конвиденция” (Ad5-nCoV) вакциныг бүртгэж авсан. Уг вакциныг Хятадын CanSino Biologics эмийн компани, Оросын “Петровакс” компанитай хамтарч хийж байгаа. Энэ вакцин нь мөн л аденовирусын векторт суурилж хийж байгаа. Гэхдээ нэг бүтэцтэй- зөвхөн аденовирусын 5-р төрөл. Энэ вакцины талаар ямар ч пиар байхгүй байгаа тул мэдээлэл хомс. Гэхдээ технологи нь “Спутник V”-тэй адил. Ганцхан “Спутник V” хоёр бүтэцтэй. Энэ вакцин нэг бүтэцтэй.

Оросод Хятадын 2 төрлийн вакцин гурав дахь шатны туршилтаа хийж байгаа. Нэг нь энэ жилийн 7 дугаар сарын сүүлээр дуусна. Нөгөө нь 2022 оны 9 дүгээр сард дуусна. Одоохондоо 9000 хүрэхгүй хүн оролцуулж байгаа ч цаашдаа 4000 сайн дурыхныг татан оролцуулах төлөвлөгөөтэй. Судалгааны талаар Оросын хэвлэл, интернетээр их бага байгаа ч ганц хоёр сайн дурынхны хэлснээр гаж нөлөө ажиглагдахгүй байна гэв. Сайн дурынхны группээс эсрэг биеийн шинжилгээний хариуг харж болно.

Түрүү жилийн 8 дугаар сард Хятадын эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтыг харахад Ad5-nCoV нь коронавирусын эсрэг эсийн болон гумораль дархлаа тогтоотог гэв.

Вакцин хийлгэх шийдвэрийг бие дааж гаргах ба эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөн, эрүүл мэндийн онцлог, өвчний түүхээс шалтгаална. Санал болгож буй аль ч вакцин аюултай байж болзошгүй. Учир нь аль ч вакцины III үеийн үр дүн бүрэн нийтлэгдээгүй, үр дүнгийн талаар бүрэн бүтэн ойлголт байхгүй байгаа.

Эх сурвалж: www.bbc.com