Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр (2020.12.17) хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон хурал дөрвөн цаг гаруй үргэлжилсэн.

Энэ үеэрээ сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг Берлинд эмчлүүлж байхдаа АНУ-ын тусгай албаныхны дэмжлэгийг авч байна хэмээн буруутгахын сацуу Оросын тусгай албаныхан түүнийг алахыг хүссэн бол бүгдийг дуусгах байсан гэж мэдэгдэв.Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан Навальныйг жилийн турш дагасан гэсэн нотолгоог олж илрүүлсэн “Bellingcat” болон “CNN” сувгуудын эрэн сурвалжлах багийнхны асуултад дээрх хариултыг өгчээ.

Хэргийг эргэн сануулвал, Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный наймдугаар сард Сибирь рүү нисч явахдаа нисэх онгоцонд ухаан алдаж, Томск хотын эмнэлэгт хүргэгдсэн юм. Удалгүй Германы нийслэл Берлин хотын Шарите эмнэлэг рүү шилжин хэвтсэн. Германы эмч мэргэжилтнүүдийн мэдээлснээр Навальный “новичок” гэх химийн бодист хордож ухаан алдсан. Кремлийн зүгээс түүнийг хордсон  хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.

Харин АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч “ОХУ-ын ичгүүргүй, худал мэдээлэл ялангуяа Навальныйг хордуулсан хэргийг өөр зүгт шилжүүлэх гэж байгаа нь тэднийг энэ гэмт хэрэгт хүлээх хариуцлагаас мулталж чадахгүй. Орос өмнө нь сөрөг хүчний гишүүд болон үзэл бодлын зөрчилтэй байдаг хүмүүсийг химийн бодисоор хордуулж байсан. Сөрөг хүчнийхэндээ цохилт өгөх гэсэн Оросын эрх баригчдын оролдлогууд АНУ-ыг түгшээж байна. Өөртөө итгэлтэй удирдагчид өрсөлдөгчдийн дуу хоолойноос айдаггүй” гэсэн хариу өгчээ.

Эх сурвалж:CNN