Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн Андра Прадеш  мужид шалтгаан нь үл мэдэгдэх өвчин гарч, 450 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн тоо 505 болж, 300 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Тус мужийн өмнө зүгт орших Элуру хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр 100 гаруй хүн ухаан алдаж, таталт өгч, дотор нь муухайрч, заримынх нь  амнаас нь хөөс цахрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн юм.

Өвчний шалтгааныг тодруулахаар Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны хүрээлэн шинжилгээ хийхэд өвчтөнүүдийн цусны дээжнээс хар тугалга, никелийн ул мөр илэрсэн талаар Мөрдөн байцаах багийнхан ярьсан байна. Мөн тус улсын Химийн технологийн хүрээлэн өвчтөнүүдийн цусны дээжинд шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь хараахан гараагүй байна. Түүнчлэн 10 өвчтөний цусны дээжийг Дэли хот руу илгээхэд ижил хариу гарчээ.  Харин иргэдийн хэрэглэсэн усны дээжнээс хар тугалга илрээгүй байна. Тиймээс өвчний эх үүсвэрийг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Энэтхэг улс цар тахлын халдварын тоогоороо дэлхийн хоёрдугаарт бичигдэж байна. Түүнчлэн нууцлаг өвчин гарсан Андра Прадеш муж хамгийн их тархалттай бүс нутагт орж байгаа учир эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ.

Эх сурвалж: CNN