Х.ОЮУНБОЛД
“Уолл Стрит” дэлхийн санхүүгийн төвд ус эзэмших гэрээг худалдаж эхэлнэ гэж мэдээлжээ. АНУ-ын “CME Group” компани энэ долоо хоногт зах зээлд 1.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Калифорни мужийн устай холбоотой гэрээг байгуулах юм байна. Компаниас мэдээлснээр ус худалдах гэрээ нь хэрэглэгчдэд энэ эрсдэлийг шийдвэрлэх, эрэлт нийлүүлэлтийг илүү сайн зохицуулахад туслах аж. АНУ-д анх удаа энэ төрлийн гэрээг зохион байгуулах талаар өнгөрсөн есдүгээр сард тус улсын баруун эрэг ойн түймэр, цаг агаарын хэт халалтын улмаас сүйдэхэд зарласан байна. Харин ”Блүүмберг”-ээс мэдээлснээр энэ нь усны үнэ нэмэгдэх болон ямар нэг зүйлийг ховордож байгааг заадаг бүх хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн Калифорни мужийн ихэнх ус хэрэглэгчийг хамгаалахад үйлчлэх зорилготой гэрээ аж.
Мөн энэ гэрээ нь усны оронд бэлэн мөнгө болж болох юм байна. Гэхдээ Калифорни мужийн усны өртөг зардалд хувь тогтоосон жишиг үзүүлэлтэд тулгуурласан аж. Харин “CME Group” компани энэ худалдаанд оролцох боломжтой хүмүүсийн талаар мэдээлээгүй байна. Гэхдээ Калифорни мужийн хөдөө аж ахуйн тариалан эрхлэгч, нийтийн усны асуудал эрхэлсэн агентлаг, нийтийн үйлчилгээний газраас мэдээ хүлээж авснаа онцолжээ. Компанийн дэлхийн үйл ажиллагааны үзүүлэлт, хөрөнгө оруулалтын өөр бүтээгдэхүүн хариуцсан захирал Тим Маккорт “Одоо хоёр тэрбум хүн усны асуудалд нэрвэгдсэн оронд амьдарч байна. Дэлхийн хүн амын хоёр хувь нь дөрвөн жилийн хугацаанд усны хомсдолд орж болзошгүй” гэв. Тэрээр “Устай холбоотой эрсдэлийг шийдвэрлэх санаа нь их чухал” болохыг онцолжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.8 МЯГМАР № 234 (6459)