Б.ДОЛЖИНЖАВ
Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь хамтран амьдрагчийнхаа бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа бий. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл бол хүний эрхийн том зөрчил юм. Цар тахал дэгдэснээс хойш охид, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн нь сэтгэл түгшээсэн асуудал боллоо. Энэ бол COVID-19 халдварын сүүдэр юм. Тиймээс үүнийг зогсоохын тулд дэлхий нийтээрээ хамтарч ажиллах шаардлагатай. Халдварын тоо улам нэмэгдэх тусам эрүүл мэндийн салбарынхан шаардлагатай үйлчилгээг үзүүлэхийн тулд хамаг хүчээ шавхахын сацуу гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд хоргодох байр олгож, утсаар тусламж үзүүлэх нь тэднийг ачааллаа дийлэхгүйд хүргэв. Тиймээс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон цар тахлын эсрэг арга хэмжээ авахын тулд бидэнд илүү их хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүр үүрэг хүлээх ёстой.
Антонио Гутерриш:Хүчирхийлэл үйлдэгч ял завшихыг зогсоох шаардлагатай
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон улсын өдөр энэ сарын 25-нд тохиосон. Энэ өдөрт зориулсан мэндчилгээндээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хүн төрөлхтөний өмнө тулгарсан нэгэн том сорил юм. COVID-19 цар тахал бүх хүн, бүх салбарыг, бүх үе шатанд түргэн шуурхай арга хэмжээ авахад хүргэв. Нийгэм болон эдийн засаг доройтож, ядуурал нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эрсдэлийг улам ихэсгэв. Жендерт суурилсан хүчирхийлэл буюу цар тахлын сүүдрийг эцэс болгохын төлөөх уриалгыг дөрөвдүгээр сард гаргаж байна. Өнөөдөр ч мөн энэ уриалгад та бүхнийг нэгдэхийг уриалж байна. Дэлхий нийт охид, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсож, тэдний эсрэг ялгаварлан гадуурхалтын асуудлыг анхаарч үзэх ёстой. Энэ асуудлын шийдлийг олоход эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, эрэгтэйчүүдийг ч татан оролцуулах шаардлагатай. Ялангуяа хямралын үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэх нь чухал. Энэ санхүүжилтийг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд зарцуулна. Гэхдээ дан ганц хүчирхийлэлд өртсөний дараа дэмжлэг үзүүлэх бус урьдчилан сэргийлж, хүчирхийлэл үйлдэгчид оноох ялыг нэмэгдүүлэх, ял завшихыг зогсоох шаардлагатай. Жендерт суурилсан хүчирхийллийг устгахын төлөө хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлцгээе” гэж бичжээ.
Эх сурвалж:unwomen.org