Б.ДОЛЖИНЖАВ

Хүн бүр тус тусын ажлаа хийж, амар амгалан байсан дэлхийг коронавирус гарч ирснээр орвонгоор нь эргүүлсэн. Өдөр ирэх тусам энэ халдварын тоо өсөн нэмэгдэж, зарим улс орны эмнэлэг ачааллаа дийлэхээ больжээ. Улмаар эмч, сувилагчид халдвар авах нь нэмэгдэж мэргэжилт нэгтнүүдийнх нь сэтгэл зүй, оюун санаанд гүн нөлөөлж эхэллээ.

Сара Фланаган: Халдвар намжаад би хэнд ч хэрэггүй болно

АНУ-ын Флорида мужийн эмнэлэгт COVID-19-ийн өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагч Сара Фланаган цар тахлын тархалтын тухай худал мэдээлэл цахимаар цацагдсаны дараа урам зориг нь маш их хугарч, ажлын цагаа багасгахаар шийджээ. “Миний мэргэжил ямар ч үнэ цэнэгүй, халдвар намжаад л би хэнд ч хэрэггүй болох мэт мэдрэмж төрсөн” гэж ярив.  Мөн тэрээр халдварын голомтод ажиллаж байгаа ч сувилагчдын урамшуулал хангалтгүй байгаад  санаа зовнисон байна. “Ахмад сувилагч нар надад “Би орны хажуунаас холдмоор байна. Үнэхээр их ядарч байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна” гэж хэлдэг. Тиймээс ирээдүйд  надад юу тохиолдох бол гэхээс би айсан” гэлээ.

Харин АНУ-ын COVID-19-ийн  халдвар авсан хүмүүсийг эмчилсэн анхны эмч нарын нэг Вашингтон хотын амьсгалын эмчилгээний эмч Катерине Лазарогийн ажиллах цаг нь сүүлийн есөн сар эрс нэмэгджээ.  Үүний улмаас хамт ажилладаг эмэгтэй эмч нар нь туйлдаж, ажлаасаа гарч, хүүхдүүдээ асарч, гэрийнхэндээ анхаарал халамж тавихаар шийдсэн байна. Ийн Лазарогийн ажлын ачаалал хоёр дахин нэмэгдэв. “Би яагаад амьсгалын замаар тархдаг вирусын үед ажиллаж байгаа юм болоо гэж бодсон” гэж тэр ярилаа.                                            

Эмч нарын санааг зовоосон нэг чухал зүйл нь гэрийнхэндээ халдвар авчрах вий гэсэн айдас байв. Колорадогийн эмч Сара Андерсон ажлаа үргэлжлүүлэн хийж, өвчтөнүүдийг асарч байх үед тэр таван настай охиноо хөхүүлдэг байсан юм. “Би халдвар авсан ч биед минь эсрэг биет үүсвэл хүүхдэдээ халдвар тараахгүй гэж итгэсэн. Гэхдээ үүнийг яг баталсан хүн байхгүй” гэлээ. Тэр таван настай охин, нөхөртөө халдвар тараахаас сэргийлж, гэртээ ч маск зүүдэг аж. Тэрээр “Хамт олонтойгоо хүмүүс бидний тухай юу ярьж байгаа талаар ярилцдаг. “Голомтод ажиллаж байгаад баярлалаа” гэсэн захиа, пицца бидэнд ирдэг. Гэхдээ иймэрхүү зүйл хэрэггүй. Харин  энэ халдварт биднийг өртөхгүй байхад туслах зүйл хэрэгтэй” гэв.

Эх сурвалж:Time.com