З.БАТЦЭЦЭГ

“Их-20”-ийн орнуудын төр, засгийн тэргүүн нар коронавирусын эсрэг вакцин, эмийг дэлхий даяар шударгаар тараана гэж амаллаа. Энэ тухай цахимаар болсон дээд хэмжээний уулзалтын  сайт дээр дурдсаныг Reuter агентлаг мэдээллээ.

“Бүх хүмүүст эн тэнцүү хуваарилахад бид бүх хүчээ дайчилна. Дэлхий нийтийн сайн сайхны төлөө бүх нийтээр нь вакцинжуулалтанд хамруулна” гэж дурджээ.

“Их-20”-ийн удирдагчид цар тахлаас болж баян ядуугийн ялгаа улам их болох вий гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. “Бид ямар ч үнээр хамаагүй зөвхөн баячууд л өөрсдийгөө хамгаалах боломж бүрдүүлэхгүй байх хэрэгтэй” гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон онцолжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 11 сарын 21-нд Ази-Номхон бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны онлайн дээд хэмжээний уулзалтын үеэр өөрсдийн вакциныг хэрэгтэй улсад өгнө гэдгээ амалсан юм. Дээд хэмжээний уулзалтын гол шийдвэр болох үр дүнтэй, аюулгүй вакциныг бүх хүмүүст хүртээх шийдвэрийг дэмжиж байгаагаа В.Путин хэлсэн.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Орост “Спутник V”, “ЭпиВакКорона” вакцинууд бэлэн болсон ба удахгүй гурав дахь вакцинаа гаргаж авна гэдгээ хэллээ.

Сүүлийн үеийн тоогоор дэлхийд нийт 58 сая гаруй хүн коронавирусын халдвар авчээ. Цар тахал эхэлснээс хойш 1,37 сая хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: www.lenta.ru