Х.ОЮУНБОЛД
ОХУ-ын Калининград мужийн цэргийн ангиудын зэвсэглэлийг шинэчилж эхэлжээ. Тодруулбал, Т-72ВЗМ пуужингаар тоноглосон орчин үеийн супер танкаар ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн одоогоор ашиглаж байгаа Т-72В1 хуучны танкуудыг сольж байгаа аж. Шинэ байлдааны машины эхний цувааг Калининград хотын цэргийн ангиудад хүлээлгэж өгсөн байна. Энэ зэвсэглэлээ шинэчлэх ажил ирэх жилийн сүүлээр дуусах ёстой гэж Батлан хамгаалах яамнаас “Извести” сонинд мэдээлжээ. Сонинд энэ хотын Балтийн тэнгисийн моторжуулсан буудлагын ангийн үйлчилгээний албанд T-72B3M 30 танкийг хүлээлгэж өгснийг онцолсон байна. Шинэ танк нь өмнөх танкуудтай харьцуулахад сайжруулсан хуягтай, пуужингаар тоноглосон байлдааны машин юм байна. Мөн цэргүүдтэй болон нисдэг тэрэг, байлдааны хөлөг онгоцтой тулалдах чадвартай аж. “Извести” сонинд цэргийн мэргэжилтнүүд ОХУ-ын батлан хамгаалах хүчнийг бэхжүүлж байгаа нь НАТО-гийн хүчний өргөжиж байгаад өгч байгаа хариу байж болохыг онцолжээ. Үүнээс гадна бусад хүнд ангиллын зэвсгээр хуучирсан системийг солихоор төлөвлөсөн байна. “Извести” сонинд бичсэнээр энэ онд Калининград руу “Смерч” пуужин харвах системийг илгээсэн байна. Мөн өнгөрсөн жил агаарын дайралтаас хамгаалах хүчнийг “Tor-M2” агаарын дайралтаас хамгаалах пуужны системээр бэхжүүлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.10 МЯГМАР № 217 (6442)