Х.ОЮУНБОЛД

 

Австрийн Вена хотын төвийн зургаан газарт  зэвсэглэсэн хүмүүс уржигдар гал нээжээ. Үүний улмаас 17 шархдсанаас зургаан хүн амь үрэгдсэн байна. Эрх баригчид үүнийг лалын шашинтнуудын үйлдсэн алан хядах ажиллагаа гэж үзэж байгаа аж. Мөн иргэдээ гудамжинд гарахгүй байхыг уриалжээ.  Еврейчүүдийн эсрэг чиглэсэн байж болохыг үгүйсгээгүй бөгөөд хотын төвөөр цагдаагийнхан ажиллаж алан хядагчдыг хайж байгаа юм. Харин  орон нутгийн цагаар энэ хэргийн талаар анхны мэдээ 20:00 цагт ирсэн байна. Гурван гэрч  еврейн олон нийтийн төв, сүм байдаг Шведенплатц талбайд болсон  гэж мэдээлжээ. Мөн хотын захирагч Майкл Людвиг “Алан хядагчид гудамжинд гал нээснийхээ дараа хотын төвөөр бар, рестораны үйлчлүүлэгч болон гудамжинд явж байсан хүмүүсийг буудсан” гэв. Харин Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нехаммер “Олон хүн үйлдсэн алан хядах ажиллагаа гэж үзэж байна.Тиймээс хотын төвд цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа” гэж мэдэгдсэн байна.  Харин сургуулиудын хувьд өчигдрөөс эхлэн ажиллахаа больсон байна.Цагдаагийнхан иргэдийг  болсон явдлын талаар зураг, бичлэгийг нийтийн цахим сүлжээнд тавихгүй байх, зөвхөн тэдэнд илгээхийг хүссэн байна. Австрийн Гадаад харилцааны сайд асан Карин Кнайсль энэ халдлагыг  сайн зохион байгуулсан байсан. Мөн ганц хүн зохион байгуулсан гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.4 ЛХАГВА № 213 (6438)