З.БАТЦЭЦЭГ

Москвагийн хэвлэлийн XVIII  фестиваль  аравдугаар сарын 17-нд дууслаа. Гурван өдөр үргэлжилсэн уг фестиваль нь анх удаа цахим хэлбэрээр зохиогдлоо.

Москвагийнхны дуртай уг фестиваль нь цахимаар боловч яг хуучин хэвээрээ. Ажил хэрэгч хөтөлбөр, уулзалт, зохиолчидтой уулзах, боловсролын даалгавар, томчууд хүүхдүүдэд зориулсан мастер класс гээд. Энэ жил зөвхөн онлайн зочлох боломжтой байсан ч, бүх үйл ажиллагааг үзэх боломжтой байлаа.

Фестивалийн эхний өдөр хэвлэлийн зах зээл, бизнес ямар чиглэл рүү хөгжиж байгаа талаар ярилцлаа. Коронавирусын цар тахлын үеээр хэвлэлийхэн хэрхэн ажиллаж байгаа талаар томоохон хэвлэлийн удирдлагууд шинэ бодит байдалд хэрхэн дасан зохицох, цаашдаа хөгжих боломжийн талаар ярилцав. Москвагийн сэтгүүлчдийн холбооны дарга, “Московский комсомолец” сонины ахлах редактор Павел Гусев онцлон хэлэхдээ “Интернет хэрэглээ өсөж байгаа ч хуучин уламжлалт цаасан хэвлэлийг мартаж болохгүй. Энэ эт ахмад үеийхний мэдээллийн эх үүсвэр” гэлээ.

-Хэвлэлийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийхээ эр зоригийг онцолж хэлмээр байна. Тэдний ачаар үнэн зөв, шинэ мэдээг авч байна. Ард түмэнд мэдээлэл түгээх том хариуцлага бидний нуруун дээр байна. Эдгээр хүмүүсээ хайрлан, боломжоороо аюулгүй байдлыг нь ханган ажиллая гэж П.Гусев хэлсэн байна.

“Коммерсант” хэвлэлийн газрын стратегийн албаны дарга Виктор Лошак мэргэжлийн талбар дээр мэдээллээ солилцох чухал гэдгийг онцлон хэлээд гадаадын хэвлэлийхний туршлагын талаар санаа бодлоо хуваалцсан. “Германы багийхантай бид хоёр удаа дугуй ширээний ярилцлага хийсэн. Цар тахлын үеэр гадаадын хэвлэлийхэн өөрийн бизнесээ ахиулахад анхаарч байсан. Өөрсдийн хүргэлт, аялал жуулчлал гээд. Хүмүүс энэ замаас гарах гарц хайж байна. Хоорондоо мэдээллээ солилцох нь их чухал” гэдгийг дурджээ.

“Вечерняя Москва” сонины ахлах редактор Александр Куприянов цар тахлын үеэр хүмүүсийн хайж байгаа мэдээллийн агуулга өөрчлөгдсөн талаар онцлов. “Хүмүүс сэтгэлээсээ, нийгэмд болж буй явдлыг бодож, дүгнэдэг болж. Бид хэвлэлдээ энэ асуултын хариулт болгож арав гаруй шинэ булан нээсэн. Уншигчдад янз бүрийн сэдвээр үнэн зөв мэдээллийг өгч байгаа” гэв.

Фестивалийн үеэр нийслэлийн номын дэлгүүрийн удирдлагууд цар тахлын үеэрх өөрсдийн ажлын туршлагаасаа хуваалцлаа. Энэ жилийн нөхцөл байдлаас болж номын интернет дэлгүүр, худалдан авагчдад зориулсан онлайн дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй гэдгийг оролцогчид бүгд онцлон хэлж байлаа. Telegram, TikTok зэрэг тоон хэвлэл мэдээллийн онцлогийн талаар шинжээчид тусад нь хөтөлбөрийн блок гарган танилцууллаа. Үүнээс гадна үзэгчдэд зориулж өргөн үзвэр үйлчилгээг толилуулсан. Уламжлалт ёсоороо зохион байгуулагчид эрүүл мэнд, спорт, аялал олон талын мэргэжилтнүүдийг урьж авчирчээ. Тэд бүгд өөрсдийн мэдлэгээс хуваалцсан юм. Жил бүр хэлэлцдэг хөнгөлөлттэй хэвлэл захиалгын талаар мөн ярилцлаа. Фестивалийн хэлэлцсэн асуудлын талаар pressfest.ru, vm.ru сайтаас дэлгэрэнгүйгээр нь үзэж болох аж. Фестивалийн хамтран зохион байгуулагчаар Москвагийн сэтгүүлчдийн холбоо, Нийслэлийн хэвлэл мэдээлэл рекламны албаны дэргэдэх хэвлэлийн аж ахуйн нэгжийн холбоо ажилласан байна.

Эх сурвалж: “Вечерняя Москва”