Б.ДОЛЖИНЖАВ

Нагорно-Карабах бүс нутагт өнгөрсөн сарын 27-нд дахин дэгдсэн Армени, Азербайжаны мөргөлдөөн ширүүсч, дэлхий нийтийн санааг хамгийн их зовоож байна. Үүнийг 1994 оноос хойших хамгийн том хэмжээний мөргөлдөөн хэмээн дэлхий нийт үзэж байна. Энэ хоёр улс өчигдрийн 00:00 цагаас эхлэн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаа Гадаад хэргийн яамд нь бямба гаригт зарласан. Гэвч тохиролцоогоо дахин зөрчиж , харилцан гал нээж эхэлжээ. Арменийн Батлан хамгаалахын сайдын хэвлэлийн төлөөлөгч  “Тохиролцоонд хүрснээс ердөө дөрвөн минутын дараа Азербайжан их буу, пуужингаар галлаж, гал зогсоох дэглэмийн зөрчсөн” гэж мэдэгдлээ. Харин Азербайжаны зүгээс гэрээнээс хоёр минутын дараа Армени хэлэлцээрийг зөрчсөн гэсэн хариу өглөө. Уг нь хоёр улс харилцан гал зогсоох гэрээнд Оросын зуучлалаар бямба гаригт гарын үсэг зурсан билээ. Армений хөөргөсөн пуужингаас болж  13 энгийн иргэн, 45 цэрэг шархадсан гэж мэдээллээ.

Эх сурвалж:BBC