Б.ДОЛЖИНЖАВ
Альфред Нобел хэмээх том эрдэмтэн, шинийг санаачлагч, цуутай баян хүн цуглуулсан хөрөнгөөрөө сан байгуулаад өөр шиг нь шинжлэх ухаанд зүтгэгч залуусыг дэмжиж, түүхэнд нэрээ мөнхлөх нэгэн нээлт хийсэн нь өдгөө бидний мэдэх Нобелийн шагнал юм. 1901 оноос эхлэн анагаах ухаан, физик, хими, энхтайван, уран зохиолын салбарт энэ шагналыг олгож байв. Харин 1969 онд эдийн засгийн шинжлэх ухаан нэмэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй. Салбар бүрийнхээ оргил нь болсон энэ шагналыг Каролинска институт (физиологи болон анагаах ухаан), Шведийн хааны шинжлэх ухааны академи (физик, хими), Норвегийн Нобелийн хороо (энхтайван), Шведийн төв банк (эдийн засаг), Стокхольмын академи (уран зохиол) гэсэн нэгжүүд тодруулан, олгодог билээ. 2020 оны Нобелийн шагналтнуудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Элэгний С вирусыг нээсэн эрдэмтэд анагаах ухааны шилдгээр тодров
Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн Майкл Хоутон нар хүртсэн. Энэ эрдэмтдийн нээлтийн ачаар С вирусын өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болж гепатит С вирус цусаар дамжин халдварлаж байгааг тогтоосон юм. Ингэснээр гепатит С вирусыг эмчлэх эмийг хурдан хугацаанд гаргаж авах боломж бүрдсэн билээ.
Хар нүх судлаачдад Нобелийн шагнал олголоо
Физикийн салбарын Нобелийн шагналыг хар нүх судлаач Их Британийн эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нарт олгожээ. Оксфордын их сургуулийн профессор Рожер Пэнроузын хувьд хар нүхийг нээсэн алдарт эрдэмтэн Стивен Хокингтой хамтран ажиллаж, харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математикийн аргаар баталсан юм. Харин Райнхард Генцель, Андреа Гез нар манай галаксийн төвд нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм.
Химийн салбарын оргил нээлтээр геном засах аргыг нэрлэв
Химийн салбарын Нобелийн шагналыг геном засах аргыг боловсруулсан АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна, Францын эрдэмтэн Эммануэл Карпентер нарт олголоо. Тэд ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх техник “CRISPR-Cas9”-ийг зохион бүтээсэн. Энэ техникийн тусламжтайгаар амьтан, ургамал, микрорганизмын ДНХ-г өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой болсон юм.
АНУ-ын яруу найрагч Луиз Глюк салбараа манлайллаа
Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн шагналыг өнөө цагийн хамгийн их анхаарал татсан яруу найрагчдын нэг Луиз Глюк авлаа. АНУ-ын яруу найрагч Луиз Глюк “Зэрлэг цахилдаг” номоороо 1993 онд Пулитцерийн шагнал, 2014 онд Үндэсний ном шагналыг хүртэж өөрийн авьяас чадвараа хэдийнэ дэлхийд үнэлүүлсэн билээ. Тэрээр шүлэг, эссэ гэсэн төрлөөр 12 цуврал ном хэвлүүлсэн байдаг.
Дэлхийг өлсгөлөнгөөс аврагчид энхтайвны шагнал хүртэв
Энэ жилийн энхтайвны Нобелийн шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгосныг өнгөрсөн баасан гаригт зарласан. Дэлхийн хүнсний хөтөлбөр бол хүнсний аюулгүй байдлыг хангаж, өлсгөлөнгөөс сэргийлэх зорилготой дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. Өнгөрсөн онд Дэлхийн хүнсний хөтөлбөр 88 орны 100 сая хүнийг өлсгөлөнгөөс аварч, хүнсний тусламж үзүүлсэн билээ.
Дуудлага худалдааны онолыг үндэслэгчид Нобелийн шагнал авлаа
Хамгийн сүүлийн номинац буюу эдийн засгийн салбарын шилдгийг даваа гаригийн орой зарлав. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг дуудлага худалдааны онолыг боловсруулсан Америкийн эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нарт олгожээ. Милгром, Уилсон хоёр хамгийн их орлого олох гэхээс илүү нийгэмд үр ашигтай бүтээлийг дуудлага худалдаанд оруулах шинэ онолыг нээсэн. 1994 онд АНУ-ын эрх баригчид энэ онолыг харилцаа холбооны операторуудад радио давтамж зарахад ашиглажээ. Үүнээс хойш олон орон энэ онолыг ашиглах болсон юм.
Нобелийн шагналыг 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал дагалддаг. Энэ шагналыг жил бүрийн арванхоёрдугаар 10 буюу Нобелийн нас барсан өдөр гардуулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шагнал гардуулах ёслолыг цахимаар зохион байгуулах юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)