Фото: Justin Paget / DigitalVision / Getty Images

З.БАТЦЭЦЭГ

Урт удаан үргэлжилсэн хөл хорио тавигдаж, жаахан тайвширч байтал эмч нар коронавирусын хоёр дахь давалгаа эхэлнэ гэж мэдэгдээд байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар одоогийн энэ өсөлт улирлын шинж чанартай. Оргил үе арваннэг, арванхоёрдугаар сараас эхлэн хоёр сар хүртэл үргэлжилнэ гэж KP.ru мэдээлжээ. Энэ бүр хугацаанд маск сайн зүүхийг сануулж байна. Учир нь ганцхан ханиаж, найтааж байгаа хүнээс гадна шинж тэмдэггүй тээгч нараас халдвар авах эрсдэлтэй.

Анагаах ухааны доктор, тархвар судлаач Михаил Фаворов хэлэхдээ “Хэдэн сая хүн өвдөж байгаа цар тахал бол онцгой тохиолдол. Тиймээс маск зүүх нь зайлшгүй шаардлага. Бид ямар ч байсан 2021 он дуустал маск зүүх ёстой” гэсэн байна. Дахин хөл хорио тогтоох болов уу? гэсэн асуултад М.Фаворов хариулахдаа “Зун өвчлөл байсан ч нас баралт өндөр хувьтай байгаагүй. Тэгтэл Перу, Бразилид нас барсан хүмүүс нь гудамжинд хэвтэж байсан. Испанид бүхэл бүтэн мөсөн ордонд нас барсан хүмүүсээ хадгалж байсан. Манайд Орост азаар тийм юм тохиолдоогүй. Хэрвээ цар тахал оргил үедээ хүрээд, эмнэлэг хүрэлцэхгүй болбол хүмүүс өөрсдөө зайнаас сурч, ажиллая гэж гуйна” гэсэн байна. Эмч нарын үзэж байгаагаар дэлхийн хүн амын 70 хувь нь өвдөж байж энэ халдвар бидний хувьд энгийн томуутай адил болно. 2022 оны зунаас байдал тогтворжино гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Эх сурвалж: www.wday.ru