Б.ДОЛЖИНЖАВ
Даваа гаригт эхэлсэн “Нобелийн шагнал-2020” үйл ажиллагаа үргэлжилж байна. Химийн салбарын Нобелийн шагналыг геном засах аргыг боловсруулсан АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна, Францын эрдэмтэн Эммануэл Карпентер нарт олгохоор болсныг өчигдөр орой зарлалаа. Тэд ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх техник “CRISPR-Cas9”-ийг зохион бүтээсэн. Энэ техникийн тусламжтайгаар амьтан, ургамал, микрорганизмын ДНХ-г өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой болсон юм. Францын микробиологич Эммануэл Карпентер “Энэ шагнал залуу эмэгтэйчүүдэд шинэ нээлт хийх эерэг мессежийг хүргэж байна. Учир нь эмэгтэйчүүд ч гэсэн судалгаа хийж, шинжлэх ухаанд өөрчлөлт авчирч болдгийг харууллаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Тэд хамтарч шагнал авсан химийн салбарын анхны эмэгтэйчүүдийн баг төдийгүй, химийн салбараас Нобелийн шагнал хүртсэн зургаа, долоо дахь эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм.
“Тэдний энэ нээлт ургамлыг үржүүлэх шинэ боломжийг авчирч, хорт хавдрын шинэлэг эмчилгээг нэвтрүүлж, удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг бодит болгосон. Энэ нь суурь шинжлэх ухаанд хувьсгал хийсэн төдийгүй шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх болно” хэмээн Нобелийн Химийн хорооны дарга Клес Густафссон мэдэгдлээ. Харин “Progress Educational Trust” байгууллагын захирал Сара Норкросс “ДНХ-ийн дарааллыг өөрчлөх урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хүчтэй, нарийн арга хэрэгслийг бүтээсэн” гэж “SMC-д ярьсан байна. Тэд энэ аргаа анх 2012 онд нээжээ.
Эх сурвалж:CNN