Б.ДОЛЖИНЖАВ

Энэ оны Нобелийн шагналтнуудын нэрсийг даваа гаригаас зарлаж эхэлсэн. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн  Майкл Хоутон  нар хүртсэн. Харин физикийн салбарын Нобелийн шагналыг хар нүх судлаач Их Британийн эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нарт олгохоор болсныг өчигдөр орой зарлалаа.  Оксфордын их сургуулийн профессор Рожер Пэнроузын хувьд хар нүхийг нээсэн алдарт эрдэмтэн  Стивен Хокингтой хамтарч ажиллаж, харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математик аргаар баталсан эрдэмтэн юм. Харин Макс Планкийн Хүрээлэнгийн эрдэмтэн, 68 настай Райнхард Генцель, Лос Анжелес, Калифорниагийн их сургуулийн профессор Андреа Гез нар манай галаксийн төвд нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм.

Эрдэмтэн Андреа Гез Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж байгаагаараа онцлогтой. Түүний өмнө 1903 онд Мэри Кюри, 1963 онд Мария Гопперт Майер, 2018 онд Донна Стриклэнд нар энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан.  Өнөөдөр орой  хими, маргааш утга зохиол, нөгөөдөр энх тайвны шагналтнуудыг зарлаж, даваа гаригт эдийн засгийн шагналтныг зарласнаар энэ оны Нобелийн шагналтнууд тодорч дуусна.

Эх сурвалж:CNN