Б.ДОЛЖИНЖАВ
Энэ оны Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног өчигдөр эхэллээ. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн Майкл Хоутон нар хүртэснийг өчигдөр орой зарлалаа. Нобелийн хороо “Хүн амын дундах элэгний хорт хавдар, элэгний хатуурал бол дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан том асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхийд 71 сая хүн элэгний гепатит С вирусын архаг өвчинтэй байдаг. Тэдний ихэнх нь элэгний хатуурал, элэгний хорт хавдар тусч улмаар жилд 400 мянган хүн нас бардаг. Тиймээс шинэ төрлийн вирусыг нээж цусаар дамждаг элэгний гепатит вирусын эсрэг тэмцэхэд асар их хувь нэмэр оруулсан гурван эрдэмтэнд Нобелийн шагнал хүртээлээ” гэж хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдлээ. Эдгээр эрдэмтдийн нээлтийн ачаар С вирусын өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болж, гепатит С вирус цусаар дамжин халдварлаж байгааг тогтоосон юм. Ингэснээр гепатит С вирусыг эмчлэх эмийг хурдан хугацаанд гаргаж авах боломж бүрдсэн билээ.
Тэд шагналаа арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольм хотод болох ёслол дээр Карл XVI Густаф хаанаас гардаж авах ёстой байв. Гэвч цар тахлын улмаас ёслолын ажиллагааг цахимаар зохион байгуулна. Нобелийн шагналыг 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал дагалддаг юм. Физикийн салбарын Нобелийн шагналтан өнөөдөр орой, химийн салбарынх маргааш, утга зохиолын салбарынх нөгөөдөр, энх тайвны шагналтныг баасан гаригт зарлана. Даваа гарагт эдийн засгийн шагналтныг зарласнаар Нобелийн долоо хоног өндөрлөх юм.
Эх сурвалж:CNN