З.БАТЦЭЦЭГ
Бид өдөр бүр хэрэглэдэг эд зүйлсийнхээ талаар эргэцүүлэн боддоггүй. Хаана хэрэглэсэн билээ? Юунд хүрлээ? Нүдэнд үзэгдэхгүй нян хэр их байгаа бол гэж төдийлөн анзаардаггүй. Ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй, хамгийн их бохирддог найман зүйлд юу юу багтаж байна вэ.
Таны цүнх
Англи улсад эмэгтэйчүүдийн цүнхнээс сорил авч үзэхэд сонирхолтой дүр зураг гарчээ. Сорилын 90 хувь нь брэндийн шошгоноос гадна маш их нян бактери агуулж байсан бөгөөд нэг см2 дах нянгийн агууламжаараа жорлонгийн суултуураас зургаа дахин их байжээ. Цүнхэн доторхио ойр ойрхон цэвэрлэж байх ба арьсан цүнхийг ус нэвтрүүлдэггүй өнгөгүй бодисоор үе үе цэвэрлэж байх хэрэгтэй.
Таны хэтэвч
Цүнхэнд өөр юу байдаг билээ? Хэтэвч. Тийм ээ, бүсгүйчүүдээ бидний хэтэвч эрчүүдийхээс бохир байдаг гэж статистикаар гарсан байна. Бодоод үз дээ. Бид хэр олон хэтэвчээ гаргаж хэрэглэдэг билээ? Дэлгүүрийн лангуун дээр тавьдаг уу? Хэрвээ арьсан түрийвч бол цүнхтэйгээ адилхан цэвэрлэнэ. Хэрвээ өөр материалаар хийгдсэн бол цэвэрлэх зааврын дагуу цэвэрлэнэ.
Биеийн тамирын цүнх
Та эрч хүчтэй, эрүүл мэндийхээ төлөө спорт заланд хичээллэдэг үү? Гайхалтай. Харин таны спортын цүнх зөөврийн нян тээгч л гэсэн үг. Сорилд хамрагдсан цүнхнүүдээс гуравны нэгээс нь гэдэсний савханцар илэрсэн байна. Цүнхээ мөн л зааврын дагуу угааж цэвэрлэж байхад илүүдэхгүй.
Таны гар утас
Өдөр тутмын хэрэглэдэг эд зүйлсийн хамгийн бохироор гар утас шалгарсан байна. Гар утасны гадаргуу дээрх нян нөгөө л жорлонгийн суултуурнаас 160 дахин бохир байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, гар утас нь жорлон, вокзалын жорлонгийн хаалганы бариулаас ч бохир байх нь. Нарийн ширхэгтэй сальфеткаар тойрог хөдөлгөөнөөр гар утсаа арчина. Гар утасны камераа болгоомжтой арчихаа мартуузай. Цэвэрлэгч бодисоос зөвхөн спирт л тохирно.
Нүүрний багс
Багсан дээр арьсны үхсэн эсүүд, нян, бохирдол, тоос, бидний түрхэж байгаа будаг зэрэг байдаг. Яаж хадгалах нь бас их нөлөөтэй. Бүгдийг нь нийлүүлээд нэг цүнхэнд хийдэг үү? Газар унагачаад шууд цүнхэлдэг үү? Газар унасан эд зүйл дээр нян 0,75 секундэд тогтож амждаг байна. Ойр ойрхон багснуудаа угааж хатааж байгаарай.
Шүдний сойз
Угаалгын өрөөнд юу болдгийг нарийн бичээд яахав. Харин сойзон дээр юу ирж наалддагийг гадарлах байх. 3-4 сар тутамд сойзоо сольж байгаарай. Битүү газар хадгалаад хэрэггүй, учир нь гүйцэд хатаагүйн улмаас нян, мөөгөнцөр үрждэг байна.
Үнэт эдлэл
Үнэт эдлэл ялангуяа таны байнга зүүдэг бөгж нүдэнд үл үзэгдэх нянгийн үүр болдог. Үнэт эдлэлийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй ба хэрвээ та эмнэлэгт эсвэл хүнсний үйлдвэрт ажилладаг бол зүүгээд хэрэггүй. Хэчнээн гараа угаасан ч та ажлыхаа орчинг гэртээ тээж ирж байгаа гэсэн үг.
Компьютерийн гар
Та компьютерийхаа ард юм иддэгнүй ч гэсэн та дээрээс нь амьсгалж, найтааж, инээж байгаа. Үсгүй даавуугаар, спирттэй сальфеткаар ойр ойрхон цэвэрлэж байгаарай.
Эх сурвалж: www.polit.mn