Б.ДОЛЖИНЖАВ

Японы 99 дэх Ерөнхий сайдаар Сүга Ёшихидэ энэ сарын 16-нд томилогдсон. Түүнийг гадаад харилцаандаа хэрхэн анхаарах, ямар улсуудтай харилцаа холбоогоо сайжруулахад анхаарах  нь  дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэгвэл Сүга ирэх сарын дунд үеэр Вьетнам, Индонез улсад айлчлахаар төлөвлөсөн хэмээн Засгийн газрын эх сурвалж өнөөдөр мэдээллээ. Гэхдээ энэ хоёр орны коронавирусын нөхцөл байдлыг харгалзан эцсийн шийдвэрээ гаргах аж. Өмнөх Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд ч дээрх хоёр улстай харилцаа сайтай байсан. Тиймээс Абэгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлж буйн  нэг илрэл нь энэ айлчлал юм. Сүга Ерөнхий сайдаар томилогдсныхоо дараа АНУ, Өмнөд Солонгос, Хятад, ОХУ-ын удирдагчтай утсаар ярьсан. Гэхдээ тэрээр биечлэн уулзахыг илүүд үзэж байна.

Эх сурвалж:Japan Today